МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАЛ ХӨНГӨЛӨХ ЗАН ҮЙЛ

МАЛ ХӨНГӨЛӨХ ЗАН ҮЙЛ

Монголчууд төлөө хөнгөлөхдөө өдөр цаг хугацаа харгалзан бэлэг дэмбэрэлтэй өдөр, маш хүндэтгэлтэйгээр ёс төртэй ханддаг байна. Зуны эхэн сарын шинийн гурван (Балжиннямтай) өдөр луу, морь цагт “хутганы ир” өдрийг харгалзан хурга ишгээ хөнгөлж эхлэхдээ гэр, хотны баруун талд эсгий буюу ширмэл ширдэг дэвсэж, тухайн ширээн дээр идээгээ тавьж гэрийнхээ баганын толгойг хойт зүг рүү харуулан тавиад мал хөнгөлөх хүний баруун гарын ойр хүүдийтэй шар буюу цагаан будааны хамт модон хувинд сүүгээр цийдэмлэсэн ус хийж дээр нь даллагын сумыг уртааш нь тавьж хажууд нь арцаар сан тавьсан байдаг ажээ. Сан тавьдаг нь шүтлэгийн зориулалтай бус арцны утаагаар агаарыг болон ялаа батганы элдэв нянгаас цэвэршүүлэх зорилготой. Хурга хөнгөлөх, засах хүн анх эхлээд “халзан цагааны хурга авчир” хэмээн хэлэхэд тэр хургыг тэврэн авчирч өгөхөд хэрэв хуц тавих бол магнайд нь зөөхий тарагны дээж түрхэн мялаагаад эрүүн дор нь тавагтай цагаан идээгээ хүргэж ёслоод арцны утаанд гурвантай эргүүлэн ариутгаад, толгой дээр нь сангаа барьж ерөөл хэлээд тавина. Үүний дараа бусад эр төлүүдийг хөнгөлж, суллан тавихдаа шарханд нь аргалын үнс түрхэж, эсвэл шүлсээр үлээж, баганын дээгүүр харайлган хойноос нь сумаар дохиж будаа цацан  “Өднөөс хөнгөн Сумнаас хурдан Дүр дүр дүр”, “Цус нь цагтаа хатаж, Өвчин нь өдөртөө эдгэр Хурай хурай хурай, Дүр дүр дүр” гэж хэлдэг. Ийнхүү ёслол үйлдэхдээ будаа цацах нь сүрэг мал өсөж үржихийг, сум нь үтэр түргэн эдгэрэхийг бэлгэддэг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу