МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАЛ ХАТГАХ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ

МАЛ ХАТГАХ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ

Эртний Монгол түмэнд мал, амьтны бие зүйн тухай цэгцтэй мэдлэг буй болсон нь Монголын анагаах ухааны үндсэн арга гэгдэх бариа, хануур, төөнүүр, идээн, арьслах, сэвслэх засал зэрэг гол заслын арга үүсч хөгжихөд онцгой үүрэгтэй байжээ. Малтай болсон тэр цагаас Монгол хүн малын махыг хүнсэнд хэрэглэхдээ үеэр нь мөчилж сурсан нь малын бие зүйн мэдлэгтэй болоход багагүй тусалжээ. Малын биезүйн мэдлэгт уялдаж буй болсон Монгол ёс заншлын зарим нь Монголын анагаах ухааны үүсэл, хөгжилтэй шууд холбоотой байна. Малын элдэв халдваргүй өвчнийг ардууд утах, шавших, хөлөргөх, жигнэх, бэгнэх, барих, төөнөх, цоргих, хатгах, ханах, доргиох, илэх, сойх гэх мэт янз бүрийн аргаар эмчилж ирсэн. Таван хошуу малыг тохиромжтой цаг улиралд нас хүйсийг нь зөв тогтоож, хөнгөлөх ажлыг чадамгай хийж байв. Эргүү өвчнийг мэс заслын аргаар, тухайлбал, төмөр төөнүүр, хануурын хутга, өрөлбө, хямсаа хэрэглэн малын толгой ясанд хагалгаа хийж, уулинхайг авч хаядаг. Гүентсэн адууны уруулын дотор талд бий болдог мөгөөрсийг огтлох, гуйвангатсан адууны цагаан мөгөөрсийг цоолж идээ бээрийг нь гаргаж эмчилдэг байв. Эртнээс хэрэглэж ирсэн нэгэн өвөрмөц арга бол түрэм тавих буюу хатгах засал юм. Мал хатгах засал нь ихэвчлэн захын мэдрэлийн судас, хялгасан судасны тор, мэдрэлийн сүлжээнд үйлчилдэг ч цөөн тохиолдолд дэлүү, сав, гүзээний эмгэгт хэрэглэх нь бий. Бод малд хатгах заслын 12 -15 идэвхитэй цэг байдаг бөгөөд том судасны ханыг гэмтээхгүйгээрээ ханах засал нь зүү заслаас ялгаатай.  Ардын мал эмнэлэг нь ардын эмнэлгийн адил засал үйлдлийг урьдал болгодог. Тэдгээр засал нь мөн л ханах хатгах, төөнөх, зүү тавих, барих, домнох гэсэн үндсэн таван арга бүхий болой. Эдгээр аргаар эдүгээ малын 40 гаруй цэгт ханах, мэдрэлийн 10 гаруй сүлжээнд хатгах засал хийж, 90 гаруй цэгт зүү тавьж, малын 100 гаруй өвчнийг анагааж буй ажээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу