МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЛИМБЭ ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

ЛИМБЭ ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

Нүүдэлчин Монголчуудын өвөг хөгжмийн нэг нь лимбэ юм. Монголчууд лимбийг олон зууны турш өвлөн хөгжүүлэхдээ битүү амьсгаагаар хөгжимдөх өвөрмөц, давтагдашгүй арга барилыг буй болгосон нь Монголчуудын уламжлалт сэтгэлгээ, уртын дуу, уужим тал нутагтай холбоотой. Лимбэ бол Монгол уртын дуутай ая хамсардаг хөгжмийн гол зэмсгийн нэг. Морин хуур, лимбэ хоёр уртын дууны уужим тэнүүн айзам, уран тансаг хээ угалзыг төгс илэрхийлж чаддаг, уртын дуучинд бат түшиг болж өгдөгөөрөө онцлог юм. Монголчууд уртын дууг лимбээр хөгжимдөхдөө битүү амьсгааг хэрэглэж иржээ. Лимбэний битүү амьсгаа нь уртын дуучны хоолойг дэмжин хамсарч, амьсгал авах үед нь ая эгшиг таслахгүй барьж байхад зохицсон өвөрмөц арга барил юм. Битүү амьсгаа нь дорно дахины гүн ухааны эш онол дахь арга, билгийн шүтэлцээ, “мөнхдөх хийгээд тасархайтах” үйл явцын салшгүй нэгдлийг нотлон харуулж буй нэгэн жишээ болно. Битүү амьсгаа гэдэг нь амьсгалын нууц эргэлт  юм. Энэ нь амны хөндий дэх хийгээр лимбийг үлээн эгшиглүүлэх явцдаа хамраар зөрүүлэн амьсгаа авч түүнийгээ эргүүлэн гаргах замаар лимбэний эгшиглгээг тасралтгүй үргэлжлүүлэх онцгой арга чадвар юм. Амьсгаа авах, гаргах дараалсан үйлдэлд зохицсон амьсгалын эрхтэн системийн хэвийн горимыг зориудаар өөрчилж, амьсгаа авах, гаргах хоёр үйлдлийг зэрэгцүүлэн хийж, хийн урсгалын тасралтгүй үргэлжлэх битүү хэлхээ үүсгэж байгаад битүү амьсгааны урлагийн онцлог оршино. Энэ үйлдэл (цикл) нь байнга давтагдах учраас Цагирган амьсгаа гэнэ. Цагирган битүү амьсгаа нь модон үлээвэр хөгжмөөр хөгжимдөх арга барил дахь ховор хосгүй үзэгдэл болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу