МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

КАЗАХ ХУРИМЫН ЁС, ЗАЙН ҮЙЛ

КАЗАХ ХУРИМЫН ЁС, ЗАЙН ҮЙЛ

Казах үндэстэн нь Төв Ази, Дунд Азид төвлөн оршиж буй улс орон бөгөөд хүн ам, хэл соёлоор бусдаас ялгарах ард түмний ерөнхий нэр юм. Үүнээс Монгол улсад 2010 оны хүн амын тооллогоор 101526 иргэд өөрсдийгөө Казах хэмээн бүртгүүлжээ. XYIII зууны хоёрдугаар хагасаас Абул Мамбет хааны харьяат Казахууд Дорнод Туркестанд нутаглан Хар Эрчис, Алтай хавиар нутаглаж байгаад 1864 онд Алтайг даван ирсэн нь одоогийн Баян-Өлгий аймаг дахь Казахууд болно. Тэр үеэс эхлэн төр, засаг Казахын ард түмнийг онцгойлон анхаарч, газар нутаг олгож тусгай аймаг байгуулж аж ахуй, соёлын томоохон нэгж болгон хөгжүүлсэн юм. Түүний хамт тэдний ёс заншил, зан үйл, өв уламжлалыг хүндэлж яс үндсээ цэврээр хадгалах бололцоог олгосон. Иймээс Монголын Казахууд нэр төр, яс үндэс, зан үйлээ сэвгүй цэврээр хадгалж яваа үндэстэн юм. Казахын заншилд өөр шашинтай, өөр үндэстэнтэй гэрлэхийг цээрлэдэг. Хэрвээ Казак бүсгүй өөр үндэстэнтэй гэрлэвэл ариун бусыг үйлдсэн хэмээн ахан дүү, овог отогтоо нэр хүндгүй болж Казах хүн биш хэмээн тооцогдоно. Харин Казак залуу өөр үндэстний бүсгүйтэй ханилж, шашин номондоо оруулж чадваас өөрийн үндэстэндээ оруулж байгаа буянт үйл болно. Казах түмэн үр хүүхдээ багаас нь эхлэн өвгөд дээдэс, ахан дүүсээ хүндлэх эрхэм дээд ёс заншил эзэмшүүлэх, охидыг урлан бүтээх ажил үйлсэд сургахад хамаг анхаарлаа төвлөрүүлнэ. Охид нөхөрт гарах хүртлээ гэртээ орны аравч, дэрний уут, элдэв төрлийн гоёлын өмсгөл зэрэг гэр ахуйн хээнцэр ганган чимэг зүүлт мэтийг оёж мэтгэж, бүтээсэн байх ёстой. Охид ийнхүү үйлэнд сурч байж нөхөрт гарах болзлыг сая хангадаг сайхан уламжлалтай. Сырга салу /ээмэг зүүх/ 2-р алхам гэж нэрлэдгийн учир шалтгаан нь охиныг насанд хүрээгүй бага байхад аль эсвэл өлгийд /бесик/ байх үед нь сүйт тавих нь бий. Багаас нь сүй тавиагүй байсан ч хоёр талын аавууд уулзаж тохирсоны дараа хийгддэг ёс заншил юм. Бэр гуйж очход сүйт бүсгүйн хажууд 2 бэр эгч нь хамт байна, гуйж очдог хүмүүс нь ч мөн адил сүйт залуугийн 2 бэр эгч нар байх юм. Очсон бэр эгчүүд охины бэр эгч нард тусгай бэлдсэн бэлгийг/көримдик/ өгч охины талын ерөөлийг /бата/ авч ээмэгээ зүүж гараас нь хөтлөн дагуулан явна. Казак үндэсний сүйт тавих ёс заншил нь маш том нөлөө бүхий заншил юм. Сүй тавиагүй аль эсвэл зөвшөөрөлгүй хосууд нийлэхийг казак үндэсний ард түмэн хатуу цээрлэдэг. Өлгийд байхад сүй тавихдаа охины өлгий модыг шарж /кертбе/ тэмдэглэдэг. Охиныг өсөж том болоход кертбели кыз /тэмдэгтэй охин/ гэж нэрлэнэ. Ээмэг зүүлгэсний дараа Калындык /ээмэгтэй охин гэсэн утгатай/ гэж нэрлэгдэнэ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу