МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ИНГЭНД БОТГО АВАХУУЛАХ ЗАН ҮЙЛ

ИНГЭНД БОТГО АВАХУУЛАХ ЗАН ҮЙЛ

Судлаачдын бичсэнээр малын сонсох, харах, үнэрлэх, амтлах, хүрэлцэх зэрэг бүхий л мэдрэх эрхтний аль нэгэнд нь буюу нийтэд нь дохио өгч цочроох замаар болзолт рефлекс үүсгэн аливаа үйл хөдлөлийг нь удирдан хөтөлж болох бөгөөд ялангуяа малын бэлчээр зэрэг уужим тэнэгэр орон зайд гол төлөв дуу авиаг ашиглан мал сүргийг алсаас чиглүүлэн хөтөлж удирдах захирах, аргандаа оруулах хэлбэр тогтолцоо өргөн дэлгэрч уламжлагдаж ирсэн байна. Ингэ ботгоо голж хөхүүлэхгүй бол хөөслөх дуу аялахын зэрэгцээ “Цариг цагаан ингэний өнчин цагаан ботго” хэмээх тууль хайлж, ерөөл хэлдэг уламжлал Баяд, Дөрвөд ястны дунд өргөн дэлгэр байжээ. Ботгоо голсон ингэ бэлчээрт гараад өвс, ус идэж уухгүй дорхноо өнгө зүс алдаж, ижил олон сүрэгтэйгээ нийлэхгүй зожгирч, алсыг харан зогсож үе үе эргэн харж буйлах зэргээр хямардаг байна. Чухамхү энэ үед малчин эзэн нь эх үрийн элбэрлийг эвлүүлэх арга ухаанаа гаргадаг. Тэмээ нь хүн малын хөл татарсны дараа дуу чимээнд сэтгэл санаа нь саатахгүй болж сайхан аялгуу, дуу хуурын уянганд амархан уярдаг амьтан юм. Тэмээчин хүн өглөө эрт буюу харуй бүрий нам гүм үеэр гологдсон ботгыг эхэд нь авхуулах гэж хөөсөлдөг. Мөн хөөсийн аялгууг урнаар уянгалуулан хэлж хуурдахад ингэ нь голсон ботгоо авдаг байна. Хуур, лимбийн эгшигтэй хослуулан хөөсөлж, эх үр ингэ, ботгыг ийнхүү сүжрүүлэн эвлэлдүүлдэг. Энэ үед ингэ хоёр нүднээсээ нулимс мэлмэрүүлэн ботгоо голсондоо харамсан хайлж , ботго ч эх рүүгээ тэмүүлэн халуун уураг сүүгээ амтархан хөхөж эхэлдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу