МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗУУН ЦААСТ ХӨЗӨР

ЗУУН ЦААСТ ХӨЗӨР

Хөзрийн тоглоом нь нэг талаас хөрөнгө зоорио алдах, донтуулах сөрөг талтай боловч нөгөө талаас тооцоолох, логик сэтгэлгээ хөгжүүлэх, сэтгэл хөдлөлөө барих, тэсвэр тэвчээртэй болох зэрэг эерэг талтай гэж үздэг. Монголчууд эрт үеэс “өлзий дэлгэр” хэмээх зурагт тоглоомтой байсны нэгэн жишээ нь Урианхайн “зуун хуудаст” буюу “зуун цааст хөзөр” юм. Ямааны арьсыг цовдолж хатаагаад дөрвөлжин зүсээд хөзрөө зурдаг. Нэгээс хорь хүртэл /20-ийг үржих 4 буюу 80 ширхэг/ нүд хөзөр, ноён, хатан, цэрэг, сэвгэр, боол /5-ийг үржих 4 буюу нийт 20 ширхэг/ гэсэн 5 хүнтэй. Сархай буюу цэцэг, буйман буюу дөрвөлжин, кизал буюу бундан, ишт буюу гилийн аймаг хэмээн 4 хувааж үзнэ. Нийт 100 ширхэг хөзрөөс бүрдэх тул ийн нэрлэжээ. Тоглогчид эхлээд хөзрөөс адис авна. Хамгийн бага настай хүн хөзрөө дарж байгаад эсрэг талын тоглогчоор сугалуулна. “Сугалуулна” гэдэг нь хөзрөө таслах гэсэн үг юм. Нар ургах зүгээс зөв тойруулан хуваана. Нэг хүнд 7 хөзөр хувааж, ажил хийсэн хүн хамгийн сүүлд өөрийн гарт үлдсэн ганц хөзрийг эргүүлэн хөзөр гаргана. Нэг удаагийн тоглолт 7 идээтэй. 14 хүн бүгдээрээ хуваана. Үүнийг Аш гэдэг. 49 идвэл хоёр тал тэнцэж 50 идсэн тал шүүнэ. Ажил хийсэн хүний дараагийн хүн “тус” эрнэ. “Тус” хайна гэж бас хэлдэг. “Тус” гэж хөзрийн тамгыг хэлнэ. Тухайн гарсан хөзрийнхөө хамгийн бага нүдээр тусыг эрнэ. Үүний дараа тус ирсэн хүн тусаа хаяна. “Тус” ирээгүй нөхцөлд тусаа хаявал хүчингүйд тооцно. Үүнийг “түлэх, түллээ” гэнэ. Тусыг эрээгүй тохиолдолд хамгийн бага нүдэн модоо доош харуулан тавина. Үүнийг “бүрхэх” гэнэ. Муу модыг “бурс мод” гэнэ. Бүрхсэн тохиолдолд ажил хийсэн хүн гарынхаа модноос “хүч өгч” тусаа эрнэ. Хүч гэдэг нь бурсын тамга, ноён, хатан, цэрэг гэх мэтийг хэлнэ. Тамга ирсэн тал нь эсрэг талынхаа хүнд хүчээ өгнө. Хүчийг ажил хийсэн хүний дараагийн хүнээс эхлэн өгдөг. Хүч өгсөн тохиолдолд хөзрийн ноён байвал иднэ. Идэж чадахгүй бол “идэг харилаа” гэнэ. Хүчийг хөзрийнхөө дүү нүдээр идэх буюу “тусгалдаж” иддэг. Тусгалдаж идэх гэдэг нь, жишээ нь, цэцгийн ноён өгсөн бол цэцгийн тамгаар идэх гэх мэт. 2-3 идээ идсэний дараа 4-5 хөзөртэй хүн “нүүр бүтнэ”. Нүүр бүтсэн хүн өөрийнхөө талд өгсөн хүчийг идэж болно. Хөзрийн ноён ганцаараа ирвэл үүнийг эсрэг талынхаа хүнд харуулахгүй. Ийм ноёныг Бээжилсэн ноён гээд нүүрийг доош харуулан урдаа тавина. Энэ нь ноён амарч яваа гэсэн утгатай юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу