МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЖОРОО МОРИНЫ УРАЛДААН

ЖОРОО МОРИНЫ УРАЛДААН

Жороо сургахад жороо сурмаар морины галбир төрхийг шинжилж бага наснаас нь сургадаг. Жороо орох морины нуруу нь чанга, алхдал нь сулавтар мэт боловч, хойд хөлийн хүч сайн, толгой бага, тоорын чихтэй, хүзүү богино, нуруу нь бөгтрөгтэй, олон ясны уулзвар нь овгор, ташаа өргөн бөгөөд бөмбөгөр, урд хөл нь богино, хойд хөл өндөр, борви алцгар уужуу, хөнгөн сэргэлэн зантай байдаг.  Жороо сургахад морь сайхан жороолдог хүн өөрөө л сургах хэрэгтэй. Хавар цагт хол шиг газар явж морь зүдэх үед уруу газар ширүүхэн явуулж байгаад амыг нь татахын дагуу дөрөөгөө жийн гэдэсхийн суувал морины хөл солбицон ээдэрч өрөөлдөн жороо явдлаар гишгэнэ. Ингэж гишгэх тохиолыг хашир унаач алдалгүй сэрж энэ явдлаар ахин дахин залгаж жороолуулна. Жороо явдал сургахад яарч сандарч болохгүй. Жороо орж эхлэн хурдац нь аажим нэмэгдэж байгаа үед хөлийн эргэлтийг сайн болгохын тулд өөд газар хэдэнтэй ширүүхэн гүйлгэвэл самардлага нь гогцоорон хамалт сайжирч газар товчлох нь түргэсэн өөд, уруу унахад уран жороо болдог. Жороо морины эдлэх хүч нь хойд хөлдөө байдаг болохоор эмээлийг жаахан хойгуур тохох ёстой. Тийнхүү жороо морь унасан хүн эмээл дээрээ гэдэсхийн сууж, жороолуулахад морины хойд хөлийн хүч тэнцэн сайхан жороолж чаддаг. Жороо морийг сургаж байх явцад үргээж цочоох, олонтой уралдаж давхихыг тэвчих хэрэгтэй. Элдэв шалтгаанаар байн байн жороог нь алдагдуулбал муу зан сурна. Жороо морины явдал нь сургагчаас шалтгаалдаг болохоор хашир сургагчид тухайн морины байдалд зохицуулан явдал сургадаг. Жороо морийг унахад ерөнхийдөө амгайгаар жороолуулах, суудлаар жороолуулах гэж бий. Монгол морины хатираа нь хар хатираа, салга хатираа, дайвар хатираа, ятган хатираа, хуар хатираа, суман хатираа гэх ялгалтай.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу