МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДЭМБЭЭ

ДЭМБЭЭ

Дэмбээ нь Монгол Улсын  төв, говийн  аймгуудад өргөн дэлгэр тархсан. Дэмбээ нь Монголчуудын дунд өргөн дэлгэрсэн сонин янзын аялгат тоглоом бөгөөд үг аялгаар мэтгэлцэн тоглодог. Дэмбээ тоглоомын гол зарчим нь хоёр тоглогч гаргах хурууны нийлбэрийг нэгтгэн таалцах явдал юм. Хуруу гарын хөдөлгөөний аясаар уламжилж ирсэн тусгай аялга, бүр ардын дууны аяаар дэмбээдэх нь ч байдаг. Үүнд гол нөлөөлөх хүчин зүйл нь хоёр гарын хурууг зэрэг гаргах, харааны хурц мэдрэмж, үг хэлний тод байдал, сонсож хүлээн авах чадвар, гар хурууны хөдөлгөөний хурд зэрэг нь авхаалж самбаанаас ихээхэн шалтгаалдаг. Тиймээс энэхүү тоглоом нь хүний авхаалж самбаа, сэтгэн бодох үйлийг сорих шинжтэй тоглоом юм. Дэмбээг зун цагт цэгээ дэлгэрсэн үед малчин ардууд хонь малаа хотлуулсны дараа нааддаг.

Дэмбээ нь богино аялгуутай шүлгийн хувьд тоглогчоос эхлээд нэг мөр аялгуулан шууд зохиомжлон хэлдэг. Дэмбээдэхдээ: Хоёр хүн хоорондоо талцан: “Дэмбээ мэдэх үү, чи?” гэж аялгуулан эхлээд: Ганган ганцаа-Хоёрын хоёроо-Гунан гурваа-Дөгөөтэй дөрвөө-Талын таваа-Зуравсын зургаа-Долоотой домбоо-Найзын наймаа-Есийн дэгээ-Арвын хангай гэж хоёр гарынхаа арван хурууг дэмбээний аялгуугаар ээлжлэн гаргаж наадна. Хоёр хүний гаргасан нийт хуруунуудын тоотой аль нэгийх нь хэлсэн тоо таарвал нэг оноо авна. Оноо авах бүртээ нэг гарын нэг хуруугаа даран хумина. Ийм маягаар оноо авсаар эхэлж 4 оноо авсан нь “Цацлаа” гэж мэдэгдээд хумисан байсан хуруунуудаа дэлгэнэ. 5 дахь оноог эхэлж авсан нь хождог. Хоёр тал оноо авсанаа нөгөө гарынхаа хурууг даран тооцдог байна. Хэрвээ аль нэг нь онож таавал, “дэмбээ мөндөө” буруу таавал ”дэмбээдээ бишээ хө” гэж толгой сэгсрэн дэмбээддэг. Бас тоо гаргахдаа заавал эрхий хуруугаа гаргах ёстой. Гаргахгүй бол бууж өглөө гэсэн үг. Мөн дэмбээг тоглоход маш олон уран арга мэх, заль бий. Жишээ нь, Гарын дээшээ харуулсан, доошоо харуулсан нь хүртэл хурууны тоонд нөлөөлдөг учир гараа маш хурдтай эргүүлснээр, өрсөлдөгчийхөө толгойг эргүүлдэг, “цацах”-даа гараа хаа нэг тийш сунгадаг тул үүнийг өрсөлдөгчөө сандран мэгдүүлэхэд ашиглах, хуруу гаргаж байхдаа нүүр рүү нь гараа сунган анхаарлыг нь сарниулах гэх мэт маш олон аргууд байдаг ажээ. Аялгууны хувьд нутаг нутгаасаа хамааран, яльгүй өөр байх боломжтой бөгөөд, дээр дурдсанаас арай өөрөөр тоонуудаа шүлэглэх боломж нээлттэй. Тоглохдоо тоо таана, тоогоо шүлэглэн хэлнэ, шүлгээ аялгуулан айлдана, мөнхүү дундуур нь элдвийн заль ашиглана гээд маш олон чадвар зэрэг шаарддаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу