МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАРЬГАНГА ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ДАРЬГАНГА ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Дарьгангын сүрэгчин хүмүүс олон жилийн турш холилдон сууснаар, өөр бусад хэсгийн хүмүүсээс ялгагдах өөрийн соёл, хувцас хунар, гоёл чимэглэл, найр хуримын ёс дэг зэрэг соёлын өвөрмөц ялгааг бий болгосон учир нэг ястан гэж үзэх болжээ. Дарьгангын хуримлах ёсыг өндгөн сүй тавих, хадаг тавих, хуримын бэлтгэл, тахил тавих, бэр буулгах, босго дэлбэлэх үг, 3 хоногийн эргэлт, сар болоод харих зэрэг 8 талаас тодорхойлсон байдаг. Дарьганга бол зүүн Монголын нэгэн ястан бөгөөд Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ, Уулбаян, Халзан суманд суудаг. Ястан үндэстний овог аймаг, хошуу нутгийн ураг хуримын зан заншил ч бас өдий төдий зөрөөтэй байдаг. Нийт Монголчуудын хуримлах ёс заншил нь ихэвчлэн адил буюу адилавтар байдаг боловч бас овог ястны тус тусын ёс заншил биеэ даасан олон зүйлийн өвөрмөц онцлогтой байдаг. Жишээлбэл зөвхөн “Хуримлах” ёсны нэрийдлийн тухай авч үзэхэд, “Гийч хийх”, “Айл болох”, “Баяр гаргах” “Хурим хийх”, “Гийчлэх” “Ураглах”, “Хуримлах”, “Гэрлэх”, “Мордуулах”, “Цай өг”, “Цай уух”, “Архи өг”, “Архи уух”, “Галлах” гэх мэт янз бүрээр нэрлэж хэлдэг заншилтай. Үнэхээр “Газар газрын ёс, гүзээ гүзээний болон” гэдэгчлэн энэ бүхий янз бүрийн ёс заншил нь өөр өөрийн зарчимтай байдаг. Дарьгангын ёслолд бэр буулгахдаа хүүхний бүх хувцсыг шинэ хувцасаар сольсон байх бөгөөд эхнэр торгон дээл, зүү ороож хээ угалз тавьсан оймс гутал өмсгөж, үсийг нь сүлжээсийг задалж арлуу нь тавиад, толгой дээгүүр нь битүү бүтээлгэтэй байна. Бэр буулгахдаа хүүхнийг хөтөлж гаргаад хадам эцгийн гэрийн баруун талаар нь тойруулж, шинэ гэрт оруулна. Хүүгийн талаас нэг хүн тавагтай идээн дээр сагалдрага, үсний хоёр боолт, тавьж авчирч өгнө. Галд мөргүүлсэн тэр хүн бүснээсээ хэтээ авч, хүүхний үсийг хэтнийхээ гангаар хагална. Халуун галд нь мөргүүлсэн, хар үсийг нь хагалуулсан тэр хүнийг их хүндэтгэдэг бөгөөд нэрийг нь хэлэхийг цээрлэж, төрөл төрөгсдийн адил авч үздэг байна. Энэ хүн сүүлд нь зориуд бэлэг сэлт хоньтой ирж хүүхнийг эргэдэг болно. Дараа нь хүүгийн талын бэргэн барууныг, хүүхний талын бэргэн зүүн хавчаарыг үсэнд нь зүүж дараа нь үсэн дундуур нь хавчаарын модыг шургуулж, тэрхүү зүүсэн нарийн хавчаарт модны дээд талыг хугалж, доод нарийн хавчаарыг зүүнэ. Ийнхүү эхнэр хүний ёслолын бүрэн хувцасаа өмссөний дараа хүүхний толгойг бүтээхээ больж, сая зөв харж суулгана. Хүүгийн эцгийн гал бурхан ахмад хүмүүст хүүхнийг мөргүүлж, бат бэх гал мэт бадрахын утгаар зохилдуулсан хэтийн гангаар үсий нь хагална. Дарьгангад бэр хүн доорхи хорио цээрийг дагадаг байлаа. Ялангуяа халуун галд мөргүүлж хар үс хагалсан хүнд хар толгойгоо үзүүлж тун болохгүй гэнэ. Хүүгийн талаас гэрийн хоёр цаваг, өрх, үүд дотуур бүслүүр, чагтага багана, тулганы дөрвөн чулуу ба толгойн чимэглэлд үсний хоёр боолт, сагалдрагыг заавал хийж өгдөг заншилтай байжээ. Үүнээс үзэхэд айлын эхнэр болж буй хүүхэн ёслолын хувцасаа бүрэн өмссөний дараа л тоглойгоо ил гаргаж байгаа бөгөөд галд мөргүүлсэн тэр хүндтэй хүн л үсийг нь хэтийн гангаар хагалахдаа хараад дахин тэр хүнд үс гэзэг улмаар толгой нүцгэн үзэгдэхийг цээрлэж байна. Энэ нь нэг ёсны тэр айлыг бат бэх амьдрахыг бэлгэдэн настай хүнээр хэтийн гангаар үсийг хагалуулж буй нь үсэнд амь оруулж, нөгөөх мэдээлэх, ид шидийн үүргийг нь ирлэж хурцлаж өгч буй зан үйл байж болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу