МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАЛЛАГА, ХУРАЙЛГЫН ҮГ

ДАЛЛАГА, ХУРАЙЛГЫН ҮГ

Тэнгэр нарнаас малын хишиг, үр тарианы хишиг, идээ ундааны хишиг, эдийн хишиг, эрдэнэсийн хишиг, үрийн хишиг, бэрийн хишиг, дээд сайн буян, өлзий хутаг, цог заль, сүр сүлдийн хишиг буян цог жавхланг хурайлж даллан дуудсан бөө мөргөлийн аман яруу найргийн нэгэн төрөл зүйл. Монгол угсаатны бөө нарын ёслол тахилга, засал заллагын дотор түгээмэл тохиолддог зан үйлийн нэгэн бол даллагын ёс юм. Монголд Алтангэрэлийн, Намсрайн, Дарь-Эхийн, Гонгорын, Очирваанийн гэх мэт олон янзын даллага авахуулдаг уламжлалтай бөгөөд үүнийгээ голдуу хавар, намрын цагт гэртээ лам залж авхуулдаг. Даллага авхуулах үедээ бүх малаа хотондоо хурааж, ламыг номоо уншиж байх хооронд гэрийн эзэн даллагын сумаа барин гарч мориндоо мордон хотоо нар зөв гурав эргээд орж ирэхэд даллагын лам түүнээс “Буян хишгээ сайн хурааж ирэв үү?” хэмээн асуухад, “сайн хурааж ирлээ” гэж хариулна. Лам даллагын уншлагаа дуусмагц гэрт байгаа бүх хүмүүс малгайгаа өмсөн гэрийн эзэн даллагын уут саваа барьж буян хишгээ арвижуулахыг бэлгэдэн дуудаж хурайлахад нийтээрээ “хурай, хурай, хурай” гэнэ. Ингэсний дараа гэрийн эзэгтэй галдаа шар тос өргөж, бурхандаа идээ будааныхаа дээжийг тавиад, ламд цай идээгээ барих ба нийтээрээ ууж идэцгээгээд малаа буян хишгийнхээ зүгт зална. Ийнхүү даллага авснаас хойш гурав хоног юм гаргахгүй буюу мал худалдаж наймаалдаггүй заншилтай байсан билээ.

Даллага зориулалтаараа буян хишгийн даллага, ид цог жавхлангийн даллага гэж байна.

Ид цог жавхлангийн даллага:
Улам дээшид бадрах цог заль
Улам өрнөн дэлгэрэх сүр сүлд
Улам элбэг болон арвидах мал идээ
Улам сайжрах хишиг ирүүлэн соёрх.
Хамаг хэрэг төвөггүй бүтээх сайн чадал
Хамаг утас эндүүрэлгүй мэдэх мэргэн ухаан
Хамаг үйлс зүдрэлгүй бүтэх чийрэг бие
Хамаг зохист хишгүүдийг ирүүлэн соёрх.
Хурай, хурай, хурай. Даллагын үг хэллэг:
Хишгүүдийг ирүүлэн соёрх
Хурай, хурай, хурай гээд юуны хишиг болох харьяалахын тодотголыг өмнө нь хэлдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу