МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГҮРЭМ ДОМЫН АРГА УХААН

ГҮРЭМ ДОМЫН АРГА УХААН

Домнохуйн ухаан нь гурван хэлбэртэй байдаг байна. 1.Үйлдлэгийн ид шидээр домнох 2.Үгээр илэрхийлэн шившлэгээр домнохуй 3.Дүрс билэгдлээр домнох. Гүрэм гэдэг нь Гай зайлуулах, буян хишиг дэлгэрүүлэх арга засал, домын ёсны нэг хэлбэр. Хүн өөрийгөө хамгаалахаар бодож олсон аргын эртний хэлбэр нь дом юм. Хүн өөртөө ялангуяа аминдаа аюул учирхад хэрхэн түүнтэй тэмцэх, хэрхэн түүнээс амиа авч гарах талаар эрт баларын цагаас байнга бодож, сэтгэсээр, боломжтой аргуудыг гаргасаар ирсэн. Хүн төрөлхтөн эртнээс өөртөө тохиолдсон өвчин зовлонг анагаах, өвчнөө илааршуулахын тулд элдэв арга хэрэглэн туршиж амьдралын урт хугацааны туршид анагаахуйн тодорхой мэдлэгийг хуримтлуулсаар ирсэн түүхтэй билээ. Эрт үеэс уламжлагдан ирсэн домын ёсон Монголчуудын язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн гаралтай, тэдгээрийн домнох, засах аргын учралаар бий болж, хожим “хаш хайрцаг”-ын тарни шившлэгээр баяжигдан уламжлагдсан ажээ. Дом заслын ёсонд цагаан, хар, алаг хэмээх гурван зүйлийн заслын судар байдаг. Цагаан дом нь өвчин эмгэг, гай зэтгэрийг тарни шившлэгийн хүчээр, хар дом нь эм дом, хар ухааны аргаар дарж номхотгох учиртайгаар хэрэглэгдсээр ирсэн. Харин алаг дом нь энэхүү цагаан хар домын аль алиныг хосолсон домын шинж болно. Монголчууд амьдралын олон талтай үйл явдлуудад тус бүрд нь хамаарах домтой байв. Монгол дом нь тодорхой зан үйлийн хэлбэртэй бөгөөд бас үгээр илэрхийлсэн шившлэг дайж хийдэг, нийтээр зуршил бологосон нэгэн хэвийн үйлдлэг юм. Монгол дом нь ихэвчлэн урьдчилан сэргийлэх эсвэл анагаан эдгэрүүлэх чиглэлтэй боловч заримдаа хараал зүхлийн буюу номхотгох хандлагатай байдаг. Урьдчилан сэргийлэх домыг уг хэрэг явдал болохоос өмнө ялангуяа аян замд гарах, их үйл хэрэг бүтээх хүнд зориулан үйлддэг. Харин анагаах, эдгээх чиглэлийн дом нь нэгэнт илэрхий болсон өвчний эсрэг үйлдэх зүйл юм. Нөгөөх хараал зүхлийн дом бол номхотгох зорилготой байсан. Ийнхүү Монгол дом хүний тодорхой хүсэл бодлын илрэл болж байлаа.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу