МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГЭРИЙН ЭСГИЙ ХИЙХ АРГА УХААН, УРЛАЛ

ГЭРИЙН ЭСГИЙ ХИЙХ АРГА УХААН, УРЛАЛ

Хот айл, саахалтаараа хонины ноосоо савж гүйцсэний дараа хот айлууд ус, ногоотой тэгш газар бараадан бууж эсгий хийхэд бэлтгэнэ. Эсгийг ихэвчлэн зуны сүүл, намрын эхэн сард хийдэг. Эсгий хийхэд хэрэглэх шир, эсгийн гол, бул зэргийг бэлтгэж, эх эсгий өөрт байхгүй бол ажил үйлс нь өөдрөг гэж үздэг айлаас сонгож, тогтсон өдрийн өглөө эсгий хийлцэх хүмүүс цугларахад тэднийг идээ цагаагаар хүндлэн дайлаад ажилдаа гарцгаана. Ингээд ноос зулж, эсгий татахаар бэлдсэн газарт эх эсгийгээ дэлгэж, савсан ноосоо эрэгтэйчүүд, хүүхдүүд ойртуулан ус зөөх ба эсгий хийж буй айлын эхнэр буюу эсвэл олонд хүндтэй, настай эмэгтэй анхны ноосыг зулж “мөр гаргахад” бусад эмэгтэйчүүд дагалдан ноосны зузаан нимгэнг тохируулан зулдаг. Нэг үе ноос зулаад усаар жигд нарийн шүршиж норгосны дараа ахин нэг үе ноос зулж мөн усаар нэвт шүршиж норгоно. Сүүлийн үе буюу “зулхай”-д ахрын ноос, хурганы ноос зулах ба энэ үе нь өнгөн тал болох тул бараан өнгө ороогүй жигд цагаан ноос зулдаг. Зулхай зулсны дараа эрэгтэйчүүд гол модонд эсгий наалдахгүй гэж завсар нь цахилдаг зэрэг өвсөөр үе тавьж чанга нягт хуйлан гадуур нь дэвтээсэн ширээр ороож, ширнийхээ хоёр амыг үдээсээр чангалан үднэ. Хоёр үзүүр нь задгай үлдсэнийг усаар сайн шүршин норгож үдэхдээ “умбай тумбай” гэж хэлээд үдээсээр сүлжин бөхөлж уяна. Хөвч гэж нэрлэх тусгай нарийн сураар тэдгээрийг хооронд нь холбож уян эсгий татахад бэлэн болгоно. Ширлэж боосон эсгийг татах морьтой хоёр хүн эсгийн гол буланд бэхэлсэн олсны үзүүрээс саваагаар онилон татдаг. Эсгийг голдуу азаргаар, харин говь нутагт тэмээгээр, зарим хангай газар үхрээр татдаг. Эсгий татахын өмнө “Төрийн эд төв сайхан, Төрсөн биес нь мөнх сайхан, Яснаас хатуу, Цаснаас цагаан болтугай” хэмээн ерөөгөөд ширлэсэн эсгийн дээр айраг буюу сүү дусаадаг. Ингээд эсгий татахаар явахдаа эхлээд зөөлөн хөдөлж аажмаар явдлаа хурдасган морины ширүүн цогиогоор явна. Ууган эсгий татаж явах замын (15-20 км) хэмжээ гүйцэж ирэхэд ширний үдээсийг нь тайлж ууган эсгий дээр мөн эсгий татсан хоёр морины чихний хооронд болоод хондлой дээр сүү дусааж мялаадаг. Дараа нь шинэ эсгийг чийгтэй зөөлөн дээр нь захыг нь татаж, өө сэвийг засах ажлыг эрчүүд гүйцэтгэнэ. Энэ үеэр эсгийгээ нугалан дээр нь хүүхэд суулгаж хүчтэй сэгсрэн засаж янзлахыг “эсгий жиших” гэнэ. Эсгий хийж гүйцсэний дараа “Эсгийн шүүс” зарим газар “Эсгийн өтөг” гэж багахан хэмжээний найр хийж, эсгий хийхэд оролцсон хүмүүсийг дайлж зочилдог.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу