МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГЭРИЙН ИЖ БҮРДЛИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ГЭРИЙН ИЖ БҮРДЛИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Гэр нь яс мод болон бүрээс гэсэн хоёр үндсэн зүйлээс бүрдэнэ. Эрт үед гэр сууцаа дан модоор хийж байсны улмаас модон гэр гэж нэрлэх болсон. Хожим мод, эсгий бүрээс зэргээс бүтсэн гэр үүсэхэд эсгий гэр буюу эсгий туургатнууд хэмээн гэр сууцаар нь онцгойлон нэрлэсэн түүхтэй билээ. Гэрийн мод нь унь, тооно, хана, хаалганаас бүрдэнэ. Эсгийгээр бүрж, малын хялгасаар томсон дээсээр оосор бүч, хошлон хийдэг бөгөөд хаяавч, шалтай эсвэл эсгий дэвсгэртэй байна. Эсгий бүрээс нь өрх, дээвэр, туурга, үүд зэрэг байна. Монгол гэрийн бүтцэд орох хийц ба эдүүд угсардаг байдаг. Тэд бүгд нэг нэгнээсээ салдаг, барьж явахад хөнгөн, нүүж суухад маш тохиромжтой хийгддэг. Ямар ч орон сууцны босоо тэнхлэг дэх зай багтаамж хананаас хамааралтай. Монгол гэрийн ханыг байшингийнх шиг бүхэл хавтгай хийвэл нүүдэл хийх ямар ч боломжгүй. Нүүдэл хийх үед жижигхэн болчихдог, харин гэрийн хана болон зогсохдоо хэд дахин том болдог зүйлийг эртний хүмүүс эрж хайжээ. Үүнээс эвхдэг сараалж шиг аргаар гэрийн ханыг бий болгон цаашид олон үеийнхэнд уламжилжээ. Гэрийн хэмжээ том, жижиг байхаас хамаарч бүтцийн хэмжээнүүд өөрчлөгдөнө. Жирийн гэрийг хэдхэн минутанд барьж болно. Харин хаад ноёдын том гэрийг нэгээс хоёр цагийн дотор барьдаг байсан байна. Монгол гэрийн бүтэц нь гэрийн хэлбэрийг бий болгогч гэрийн мод ба бүрж битүүлэх зөөлөн эд бүрээс гэсэн хоёр хэсэг болон ангилагдана. Үүнээс гадна эдгээр хэсгүүдийг хооронд нь уяж бэхэлдэг бүдүүн нарийн, урт богино оосор бүчнүүд нэмэгдэнэ. Гэрийн мод: 1.Хана, 2.Хаалга, 3.Тооно, 4.Багана, 5.Унь, 6.Шал зэргээс, Гэрийн бүрээс нь: 1.Цаваг, 2. Дээвэр, 3.Туурга, 4.Гэрийн гадуур цагаан бүрээс, 5.Өрхөөс бүтнэ. Эдгээрийг урлах тооночин, уньчин, ханачин, хаалга, тавилга хэрэгслийг урладаг мэргэшсэн урлаачид байдаг. Монгол гэрийн урлал, түүнтэй холбоотой зан үйлүүд нь Монголчуудын нүүдлийн соёлын хэв маяг, үндэстний өвөрмөц онцлогийг илтгэн харуулж дэлхийд Монголын ард түмний нэрийн хуудас болж байдгаараа онцлог юм. Уламжлалт гар урлалын олон төрөл зүйлийг цогцоор нь агуулсан гэрийн уламжлалт урлал, гэрийн орон зайд шүтэн барилдсан ёслол, зан үйлүүд нь Монголчуудын нүүдлийн соёлын хэв маяг, үндэстний өвөрмөц онцлогийг илтгэн харуулж дэлхийд Монгол үндэстний нэрийн хуудас болох соёлын үнэ цэнийг агуулдаг юм.  Нүүдэллэн аж төрөх ёсны соёлын орон зайг нөхцөлдүүлж олон зууныг дамжин хөгжиж ирсэн Монгол гэрийн урлал Монгол улсад эдүгээ ч амьд уламжлалаа хадгалан өвлөгдсөөр байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу