МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ГАЗАР НУТГИЙН НЭРШИЛ ҮГ

ГАЗАР НУТГИЙН НЭРШИЛ ҮГ

Mонгол газар нутгийн оноосон нэр нь эрт эдүгээг холбосон соёлын гүүр буюу үгээр бүтээсэн түүхийн хөшөө дурсгал юм. Э.Равдан профессорын тэмдэглэснээр “…Газар усны нэрийн өөрчлөлт нь гарвалзүйн хүрээнд шийдэл нь гардаг болохоор оноосон нэрийн гарвалзүй хэл, түүх, хүн, уламжлал, зан үйл судлаачдын анхаарлыг татдаг бие даасан хавсарга ухаан болно” гэжээ. Тухайн нутаг орны байгаль, газар зүйн онцлог шинж байршил, хэлбэр дүрс, ургамал амьтны тархалт, хөрс шорооны бүтэц, ашигт малтмалын баялаг, уур амьсгал, усзүйн онцлог, түүхт үйл явдлыг тусгасан байдгаараа газарзүйн нэр /Топонимик/ ихээхэн ач холбогдолтой юм. Тэр нь өмнөх үеийнхний бидэнд үлдээсэн үнэт өв мөн бөгөөд түүхийн судар бичиг, археологчдын тэмдэглэж чадаагүйг хадгалж үлдсэн байдгаараа онцлог юм. Газар нутгийн онцлог байдалд тохируулан ард олны өгсөн газарзүйн нэр нь чухамхүү оноож өгсөн нэр ус байдаг. Жишээ нь, говь нутагт гэхэд Угалзан чулуут, Дун бүрээт, Загаст, Шувуун чулуут гэх мэт. Эсвэл Харганат, Бүйлст, Сухайт, Улиаст, Зэгст, Зээргэнэт, Гоёот гэх мэт модлог бутлаг ургамлаар нэрлэсэн байдаг нь эрэлч хайгуулч  хүний бүр ч их сонирхол татдаг билээ. Даланзадгад хот гэхэд далан задгай булаг шандын уулзварт байгуулсан учраас тийнхүү нэрлэжээ. Ерөнхийлөн авч үзвэл: Монгол газар усны нэрийг өнгө зүс заасан /Цагаан богд/, шинж чанар заасан /Дулаан богд/, зүг чиг заасан /Зүүнбаян/, хэлбэр дүрсээр нэрлэсэн /Сэнжит цохио/, цаг уурын үзэгдлийн шинж, газар зүйн ухагдахууны нэр томьёогоор нэрлэсэн /Салхит/, эрдэс баялагаар нэрлэсэн /Төмөр толгой, Алтат/, ургамлаар нэрлэсэн /Яргайт/, амьтнаар /Хандгайт/, түүх дурсгалын зүйлээр нэрлэсэн /Бичигт Богд/, хэлбэрээр өнгө галбираар нэрлэсэн /Өндөр-Улаан/, хүндэтгэл, билиг дэмбэрлээр нэрлэсэн /Хан Богд, Чандмань/ гэх мэтээр ангилан үзэж болох юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу