МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БӨӨГИЙН ХУВЦАС УРЛАЛ

БӨӨГИЙН ХУВЦАС УРЛАЛ

Бөө мөргөл нь хүн төрөлхтөний нэн эртний шүтлэг мөргөлийн хэлбэр бөгөөд бүр Хүннүгийн үед Монголчууд бөө мөргөл шүтдэг байсан тухай баримт сэлт бий. Түүхийн урт хугацааны явцад бөө мөргөлийн үзэл ойлголт тогтсоны адил хувцас өмсгөл нь ч өөрийн өнгө төрхийг олсон байна. Гэхдээ:

Бөө бөөгийн буулт өөр

Бүжин туулайн явдал өөр

гэдэгчлэн тухайн бөөгийн хувцас өмсгөлөөс угсаа гарвал, харын бөө юу, цагааны бөө юу, лус хөлөглөсөн үү, тэнгэрээр хүчээ авсан уу гэдгийг харж болно.

Жирийн хувцастай бөөлөхийг “явган бөөлөх”, хувцас өмсгөлөө өмсөж бөөлөхийг “хуяглаж бөөлөх” гэнэ. Бөөгийн хувцас өмсгөл, эдлэл хэрэглэл бүхэн эзэн онгодтой байдаг бөгөөд анх “уг барьж” бөө болоход багш бөө хувцас өмсгөлийг “амьтгаж” өгдөг.

Бөөгийн малгайг “оргой”, “майхавч” гэж нэрлэдэг. Оргой нь ерөнхийдөө дуулга маягийн хэлбэртэй, нүүрэн хэсэгтээ нүд ам, хамар, чихийг дүрсэлсэн оройдоо бүргэд, тас, шар шувуу зэрэг жигүүртний өд /шавь болон удам угсааны үеийн тоогоор янз бүрийн тоотой/ суулгасан, хөндлөнгийн онго тэнгэрт танигдахгүй  байх зорилго бүхий  “гивлүүр”, “самалга” гэх унжлага, цацагтай байдаг.

Дээхэн үедээ ямаа, зээр, бор гөрөөсний арьсаар “хуяг” буюу дээл хийдэг байсан бол орчин цагт ихэвчлэн торго, бөсөөр хийдэг болжээ. Голчлон тэнгэрээр хүчээ авсан нь хөх цэнхэр, лусаар боссон нь ногоон, аль алинаар хөллөсөн нь саарал өнгийн хуяг өмсгөлтэй байх нь бий. Хуяганд байх могой, манжигийг эрчилсэн дээс, даавуугаар бүрсэн хөвөн зэргээр хийх бөгөөд хонх, хонгинуур, холбого нь онгодын оронд зорчиход бөөгийн хамгаалалт, зэвсэг болдог гэж үздэг. Онгод бөөгийн сугаар орж гардаг гэж үздэгээс хуягны сугыг онгорхой хийх нь бий.

Бөөгийн гутлыг хурдан амьтны арьсаар хийдэг бөгөөд эдүгээ Монгол, Буриад гутал өмсөх  болжээ. Бөөгийн хэнгэрэгийг “унаа хөлөг” хэмээн үздэг бөгөөд чоно, баавгай, согоо, ямааны арьсаар хийдэг. Хэнгэрэг нь дугуй, тал дугуй, гурвалжин гэх мэт хэлбэртэй байдаг. Хэнгэрэг буюу хэцний  цохиурыг “орбо”, “тойбуур” хэмээн нэрлэх бөгөөд тэх, гөрөөсний годоор хийх нь бий. Мөн бөөгийн эдлэл хэрэглэлд хэл хуур, бардаг, ташуур, толь, эрхи, хонх, хонхинуур холбого, баяг зэрэг зүйлс ордог.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу