МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БӨӨГИЙН ОРШУУЛГЫН ЗАН ҮЙЛ

БӨӨГИЙН ОРШУУЛГЫН ЗАН ҮЙЛ

Монгол бөөгийн оршуулгын тухайд асар өргөн агуулгатай сэдэв юм. Бөө хүн тэнгэрт хальмагц амин сүнс нь тэнгэр болов хэмээн биеийн сүнсийг оршоож, дээр нь оромж гэр барьж, өрхийг нь татаж битүүлээд, тэндээ хонуулж, гаргах өдрөө өглөөгүүр олон залуус гэрийг нь өргөж ханан доогуур нь шарилыг нь шургуулан гаргаж, оршуулгын газар залдаг. Бөөгийн биеийг төрөл бүрээр оршуулах ба эдлэл хэрэгсэл, бөөгийн өмсгөл тоногийг уул хад, ой модонд тусгайлан хэцэлж оршоодог ба үүнийг Хорь буриад зон “Шандан” гэж нэрлэдэг. Хороолж оршуулах: Бөө хүнийг тэнгэрт халихад , чулуугаар дуганцаг гэр бариад түүнийгээ модоор хучаад, навчаар даруулаад, оргой амитайг нь өмсгөж, цомцойлон суулгаад, урд хэцийг нь түшүүлж, ташуурыг нь гарт нь углаад, хоёр сарвуугаар нь газар тулган суулгаж оршуулдаг. Арангалж оршулах: Арангалж оршуулах газрыг сонгож гуйн аваад, хус мод огтолж, дөрвөн шонг 2х3 зайтайгаар зоож босгоод, үзүүрийг нь шовхолж, улаан зосоор будаад, хусан шонгийн ац зэтэр дээгүүр хөндлөн гулд мод тавьж, тавцан засаад, дээр нь шарилыг нь тавьж оршуулдаг. Бөгтөр модонд оршуулах: Аянга цахилгаанд ниргүүлж хөндийрсөн бөгтөр модны хөндийд арслан хэвтшээр хэвтүүлж оршуулдаг. Арслан хэвтэш гэдэг нь хажуугар нь хандуулж, сүүжилдүүлж хөлийг нь нугалж хэвтүүлээд, зүүн гарыг хацар доор нь дэрлүүлж, баруун гарынх нь эрхий хуруугаар чихийг нь бөглөөд, чигчий, долоовор хуруугаар амыг нь жимийлгэж, хамрыг нь чимхүүлээд, ядам дунд хуруугаар нүдийг нь аниулж, хэвтүүлж оршоодог. Бөө хүнийг бөгтөр модонд, удган хүнийг унги дархинд оршоодог. Гороолж оршуулах: Монгол гэрийн бууринаас арай томхон зайтай чулуугаар гороо татаж, үүд гаргаад тулгын 3 чулуу тавьж, хавтгай чулуугаар ширээ засаж, тахил зул тавьж хүндэтгэл өргөн, хонь гаргаж, тайлга оруулан хүндэлж, идээ тахилаа зүг зүг өргөж цацаад, арангалж оршуулсан бөөгийн шарилыг хайлуулж тэнгэрт дэгдээдэг. Үнс чандрыг нь газар булж оршуулаад, сорогшин босгодог.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу