МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БӨХИЙН ЗОДОГ ШУУДАГ УРЛАЛ

БӨХИЙН ЗОДОГ ШУУДАГ УРЛАЛ

Монгол бөх нь спортын нэгэн төрөл төдий биш олон зууны турш боловсрон хөгжсөн соёл урлаг, ёс уламжлалын үнэт зүйлсийг агуулсан өвөрмөц шинжтэй байдаг нь бөхийн гараа, дэвээ шаваа, цол дуудах, хувцас өмсгөл зэргээс тодорхой харагддаг. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших Дэл уулнаас олдсон хүрлийн үеийн дурсгалд хамаарах хадны зурагт бөхийн барилдааныг дүрсэлсэн нь Монгол бөх бараг 7000-11000 жилийн өмнө байсан гэдгийн баталгаа юм.

Монгол бөхийн өмсгөл нь малгай, зодог шуудаг, гуталнаас бүрддэг. Бөхийн малгай нь эрт цагт баатруудын дуулга байж байгаад эдүгээ энэхүү хэлбэрээ хадгалан 4 тал бүхий жанжин малгай болон үлджээ. Бурхны шашин дэлгэрэх үед малгайн оройн сампинг шавь таван аймгийг бэлгэдэн шар өнгөөр урлаж, дөрвөн талыг Түшээт хан, Сэцэн хан, Сайн ноён хан, Засагт хан 4 аймгийг бэлгэддэг хэмээн үздэг байв. 1995 оноос хойш бөхийн өмсгөлийн хийц загвар “Бөхийн өмсгөлийн стандарт”-аар зохицуулагдаж байна. Монгол бөхийн малгайг тухайн бөхийн гаргасан амжилтыг илтгэх шар тууз бүхий улаан залаа, цолыг илтгэх начин, харцага, заан, гарьд, арслан, дархан аварга бол 4 талд нь 4 хүчтэний дүрстэй ялгах тэмдэгтэй болгосон. Бөхийн барилдаан эхлэхэд бөхийн малгайг засуулууд  хүндэтгэн авч, барилдаан дуусахад өмсгөж өгдөг.

“Эрийн сайн Хан харангуй” туульд “…буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг” хэмээн гардаг нь эрт цагт бөхийн зодог шуудгийг хүчит амьтны арьсаар хийж, тэрхүү амьтны бяр чадлыг өөртөө цогцлоож буй хэмээн үздэг байсныг харуулж буй хэрэг юм. Монгол бөхийн зодог шуудаг ихэвчлэн мандал бадрал, ялалтын бэлгэдэл бүхий улаан, өнө мөнхийн бэлгэдэл бүхий хөх цэнхэр өнгөтэй байдаг. Богд хаант Монгол Улсын үед шавийн аймгийн бөхчүүд дан улаан зодог шуудаг, бусад аймгийнхан хөх цэнхэр зодог шуудаг өмсдөг байсан гэдэг. Мөн цолны эрэмбээр хамба, торго, чисчүү, даавуун өмсгөл өмсдөг байжээ. Зодгийг зөөлөн бөс, торгоор саран /мөрний үе ил гарахаар, суганы ар хонхрын ухаас далбаа махнаас 2 хуруу дээгүүр/ болон уутан /мөрний үеэс хэтрэхгүй, суганы ар хонхрын ухаас нь далбаа мах ил гарахгүй/ гэсэн 2 аргаар эсгэж, мяндсан утсаар ширж, элэг бүс, ханцуйн уяаг мяндас болон хадгаар хийнэ. Шуудагны гуяны хэсэгт зөөлөн сур, арьс, мяндас сүлжиж уяа хийнэ. Эрт цагт зодогны ар зоонд нацагдорж хээ, аман хүзүү, хуяг хээ, арслан, бар, гарьд, луу зэрэг дөрвөн хүчтэнг дүрслэн тухайн бөхийн хүч чадал, сүр жавхаа, дийлдэшгүйг бэлгэддэг байжээ. Бөхийн зодог шуудаг нь тухайн бөхөд зориулан гар аргаар цор ганц хийгддэг тул  биед нь яв  цав таарч, гоо сайхныг нь илтгэн, барилдахад эвтэй, хөнгөн байдаг. Барилдаагүй үедээ зодог шуудгаа өнгийг нь дотор хийж эвхэн, сураар ороож, дээш хүндтэй газар зална.

Монгол гутал нь суурь сайтай, тээглэж бүдрэх аюул багатай, бат бөх, хөл мэх хийхэд осол гэмтэл багатай тул бөхчүүд эртнээс эдүгээ хүртэл хэрэглэж байна. Харин барилдах явцад сугарахаас сэргийлэн түрүй, оймс хоёрын завсар хулс юмуу уян модоор хавчаар хийж, хальтрах гулсахаас сэргийлж сураар ногтлон боолт хийдэг. Боолтон дээр мөн дөрвөн хүчтэн, өлзий зэрэг хээг дүрслэн урлах нь бий. Монгол бөхийн өмсгөл, зодог шуудгийг урлаач болгон хийдэггүй, тусгайлан мэргэшсэн, бөхийн соёл, зан үйлийг сайн мэддэг цөөн тооны хүмүүс урладаг юм.   

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу