МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БҮРГЭДЭЭР АН ХИЙХ АРГА УХААН

БҮРГЭДЭЭР АН ХИЙХ АРГА УХААН

Төв Азийн нүүдэлчин ард түмэн эрт дээр үеэс махчин шувуудыг гаршуулан дасгаж, ан авд сурган зугаа цэнгэл хийж байсан уламжлал бий. Эдүгээ Арабын Эмир, Шах, хаад, язгуур сурвалжтай хүмүүс шонхорыг гаршуулан дасгаж, зугаа цэнгэлийн арга хэмжээ зохиодог бол Казах, Киргизүүд бүргэдийг гаршуулан сургаж ан ав хийдэг нь үндэсний зан заншлын хэмжээнд хөгжжээ. Ялангуяа Монгол, Казахстан, Хятад улсуудад амьдран аж төрдөг казахуудын дунд бүргэдээр ан хийх явдал түгээмэл дэлгэрсэн зан үйл юм. Энэхүү зан үйл нь орчин үед зугаа цэнгэл, ан агнуураас гадна аялал жуулчлалын арга хэмжээ болон өргөжиж байна. Эм бүргэдийг голчлон сонгох ба нисэх чадваргүй ангаахайг барьдаггүй байна. Нисэх чадвараа олоод тодорхой хугацаанд ан авд явж сурсан бүргэдийг барьж авч тэжээхэд харьцангуй номхон, хурдан сурдаг, өөрийн хүчинд тохирсон амьтан руу довтолдог, байнга хашгичаад байдаггүй, байгальд эргүүлж тавихад гэрийн мал руу дайраад байдаггүй байна. Бүргэдийг барьж ирээд хээрийн шувууны үнэрээс салгаж усанд булхуулан малын хашаа хорооны хөрзөнд өнхрүүлдэг байна. Ойр ойрхон гартаа авч өргөн, нүдний даруулгыг нь авч, эргэж өмсүүлэн дасгаж, илж таалж, эргэн тойрноо таниулж, дотночлон ярилцаж, эзэн хүнийхээ дуу хоолойг таниулдаг байна. Зориулалтын суурь модонд суулган сарвуу хумсыг нь татаж сунган аль болох нойрыг хулжаан ядрааж байж номхруулж авдаг байна. Бүргэд хэдийгээр хээрийн зэрлэг жигүүртэн ч гэлээ маш мэдрэмтгий, ухаантай, эзнийхээ аашийг андахгүй, дуугаар нь таньдаг, ярилцах дуртай байдаг ба хооллож ундлах цагаа ч анддаггүй байна. Номхорсон хойно нь моринд авч явж үнэг хярс, туулайн арьс чихмэлийг чирч үзүүлэн араас нь хөөцөлдүүлж барихад сургана. Мөн гар дээрээ дуудах дасгал хийнэ. Анд явахын өмнө 8-р сараас эхлэн идэшийг нь багасгаж, тарга хүчийг нь тогтооно. Бүргэдийг ан хийж сургахад маш нарийн арчилгаа, хичээл зүтгэл шаарддаг. Бүргэдэд зориулсан хөлний уяа, нүдний даруулга, суурин суудал, морин дээр авч явахад суулгадаг ац тулгуур, бээлий, тэжээлийн уут, аяга зэрэг уламжлалт тоног хэрэгсэл байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу