МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БУРХАНЫ ШАШНЫ ОРШУУЛАХ ЗАН ҮЙЛ

БУРХАНЫ ШАШНЫ ОРШУУЛАХ ЗАН ҮЙЛ

Монголчуудын талийгаачийг оршуулах заншил нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн бөгөөд үүнд булшилж хиргисхүү хийх, хөшөө босгох, хайлж чандар болгон хадгалах, хатааж занданшуулах, ил задгай гээгдүүлэх г.м орно.  Нас барагсдыг оршуулах ёс нь газар авах, талийгаачийн шарилыг гэр орондоо байрлуулан уй хийх, талийгаачийг хөдөөлүүлэх, гашуу тайлах зэрэг үндсэн хэсгээс бүрэлдэнэ. Хүн нас барсны дараах заншил: Хүн нас барсны дараа нүдийг аниулж, цогцсыг дан банзан дээр цэвэрхэн даавуу дэвсэн, биеийг шулуухан засаж, хоёр гарыг хэвлийн дээр нь тавиад, нүүрийг хадгаар бүтээж, цогцсыг цагаан даавуугаар бүтээнэ. Бүтээхийн өмнө үс хумсыг авч арц үнэртэн цацна. Шарилыг 3-7 хонуулна. Ихэнхдээ настай хүнийг 7 хонуулдаг бөгөөд энэ хугацаанд шарилын дэргэд чанга ярих, юм нурааж дуу чимээ гаргах, хоорондоо зөрж хэрүүл хийхийг хатуу хориглоно. Оршуулгын газар сонгох ёс: Монголчууд талийгаачийг оршуулахдаа олон зүйлийн ёс заншил үйлддэгийн нэг нь нутаглуулах газар сонгох явдал юм. Энэ нь байгаль орчноо хайрлан хамгаалах мөн талийгаачийгаа хүндлэн дээдэлж байгаа сайхан ёс юм. Эрт үеэс талийгчийг оршуулах нутгийг сонгохдоо өглөө эрт нар тусах энгэр, алс холын уулын шовх сэрвээ хад өнгийж харагдахгүй, дөрвөн зүгтээ задгай цэлгэр бус, өвс ургамал сайтай, хүн малын хөлөөс зайдуу, энгэр түшсэн, өмнө талаараа уул жийсэн хонхордуу газрыг сонгоно. Харин булаг шандны эх, ганц мод, өнчин ганц толгойн дэргэд, уулын ар бэл, хойгуур урдуураа онь хөтөл, зам гарсан дөрвөн зүгтээ задгай нутгийг сонгодоггүй. Оршуулгын цээр: Ердийн үед малгайгаа буруу харуулж өмсөх, хормойгоо огшоох, дээлийн нударга, захыг дотогш нугалж өмсөх цээртэй. /ясчин яс барихаар бүрлээчийнд орохдоо ингэдэг/ Бар жилтэй хүнээр талийгаачийн ясыг бариулж, хувцас солиулдаггүй. Хувцастай нь оршуулахыг цээрлэж, цагаан даавуунд ороож буюу уутанд углана. Нүцгэн ирсэн тул нүцгэн буцах учиртай. Хүн нь нас нөхцсөн айл 49 хоног дотор мал төхөөрөхийг цээрлэнэ. Дээлийн зааман дээр малгай тавих, үхэх өөд болохын муу ёр тул цээрлэнэ. Бүтэн юм оршуулгад хийх цээртэй тул аяга бол сэтлэж, сэлэм бол хугалж, зүү бол мөн хугалж хийнэ. Сүнсгүй болсон хүнд сүнсгүй болсон юм хэрэглэдэг. Тиймээс оршуулгаас юм юмны хэлтэрхий тасархай хагас гардаг нь тийм учиртай.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу