МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БУРИАД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

БУРИАД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Буриад зон сүмбэр уулыг бэлгэдсэн “шовгор оройт” хэмээх малгай өмсөх бөгөөд энэ нь урд тал нь арай уртавтар, хойд тал нь арай богино байдаг. Малгайн оройд Хорийн арван нэгэн эцгийг бэлгэдсэн 11, эсвэл Агын найман овийг бэлгэдсэн 8 босоо ширээс, дөрвөн зүг, найман зовхист мандан бадрахыг бэлгэдсэн улаан цацагтай. Буриадууд өвлийн дээлээ “дэгэл”, зуны дээлээ “тэрлиг” хэмээнэ. Буриад эрэгтэйн дээлийн энгэр хурц омогтой, хөх ногоон, хар, улаан өнгийн дээд, доод, дунд тэнгэр хэмээх гурвалсан эмжээр, хар /байлдааны зам/, улаан /байлдааны газар/, цагаан /гэртээ буцах зам/ 3 өнгийн тасамтай, хормой ханцуйгаа өргөн хар эдээр эмжинэ. Захны ар нь арай өндөр, ахмад настны нударга нь арай том, залуу хүнийх багавтар байдаг. Зундаа тэрлэг, өмд, цамц өмсөх бөгөөд цамц нь хагархай болон битүү энгэртэй 2 янз байна.

Буриад эмэгтэй дээлний энгэр, ар, өвөр, цээж, хормойг тусад нь эсгэж нийлүүлэн оёх бөгөөд хормой нь хуниастай байдаг онцлогтой. Домогт өгүүлснээр гарын алганаас /эрхий хуруунаас ханцуй буюу мөр, хумснаас нударга гэх мэт/ үлгэр аван эхнэр дээлийн эсгүүрийг гаргасан гэдэг. Эхнэр хүн дээлний гадуур  “хормойтой” буюу урт, “цээж” буюу богино 2 янзын “ууж” өмсөнө. “Ууж” нь шулуун энгэртэй, нурууны хуниаснаас доош оноотой байдаг. Буриадууд өвөлдөө арьс нэхий, зундаа булигаараар хийсэн гутал өмсөнө. Агын Буриадууд бага зэргийн ээтгэр, Хорийнхон нарийн хошуутай их ээтгэр, Шинхээн Буриадууд урд тал нь өргөн гутал өмсдөг зэрэг бага зэргийн ялгаатай ажээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу