МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БУРИАД-БАРГА УРТЫН ДУУ

БУРИАД-БАРГА УРТЫН ДУУ

Буриад Монголын уртын дууны аялгуу, дэг барил Байгаль нуурын сав газар буюу Түнхэний Аха нутагт хадгалагдаж байна. Энэ төрлийн аялгуу нь дуучны хоолойн дээд чалхад хүрэх мөртлөө холын үсрэлт багатай, цуурай ихтэй юм. Энэ шинж нь өндөр уулын бүсийн уртын дууг эрхгүй санагдуулна. Мөн Хотгойд, Дархад, Элжигин Халх чигийн гэгэлгэн, шавшаа уртын дуутай олон шинж тэмдгээрээ ихээхэн төстэй байна. Дэг барил нь төвөнх хоолойн цохилго чимэглэл элбэгтэй, бөнжөгнүүлэх хөдөлгөөнөөр тойрог(тухайлбар)-оо залгаж байгаа нь Монгол уртын дуучны ур чадвар, арга техникийг илтгэнэ. Эрт цагт тэд нарт айдон дуунаас гадна шасдир уртын дууны төрөл байж. Тодруулбал, “Ялгуулсан эрхт”(Далай лам) хэмээх нийтэд өргөн тархсан шасдир уртын дууг дуулдаг байсан тухай дурсамж үлджээ. Гэвч цагийн уртад шасдир дуу мартагдаж, улмаар айдон(айзам) дууны арвин их өв сан, соёл нь бүдгэрсээр байна. Уртын дууны уг төрөлд Барга, Буриад нарын уламжлалт уртын дууны өв зонхилж байна. Барга нар айдон дууны уламжлал арвинтай ажээ. Тэд “Алтан гургалтай”, “Алтай хангайн даваа”, “Урт сайхан улаан”(“Уртын сайхан хүрэн”-ий Барга хувилбар), “Хянган голын бялзуухай” болон “Мөнтгөр саарал”, “Нарийнхан халиун”(“Хөөрхөн халиун”-ы Барга хувилбар, уг эх), “Хан уул”, “Алтай хангай”, “Соёг бор”(“Саяг бор”-ын Барга хувилбар), “Алтан богдын шил”, “Оонын хоёр эвэр”(“Цомбон туурайтай хүрэн”-ий Барга хувилбар), “Эрдэнэ уулын бараа” зэрэг олон уртын дуугаа Барга аялгуу, дэг барилаар хадгалжээ.  Барга уртын дууны аялгуу хураангуйлсан шинжтэй, дуулах дэг барил, арга техник нь хоолойн намжуу дунд чалхад тэгшхэндүү бөгөөд уянгалаг, төвөнх хоолойн жижигхэн цөөхөн цохилготой юм. Ерөнхийдөө Барга, Буриад уртын дууны аялгуу, дуулах дэг барил нь ойролцоо боловч Барга нарын уртын дуу дуулах ур чадвар өндөр хэмжээнд хөгжсөнийг сонсоод мэдэж болно. Буриадууд “Хянган голын бялзуухай”, “Өдтэй дэлтэй жигүүртэн”, “Заян наваа”, “Хэрээтэй хээр” зэрэг олон уртын дууны өв сантай билээ. Тэд эрт цагт зан үйлийн уртын дуугаа айдон, шасдир дуу гэж нэрлэдэг байжээ.  Гэвч тэдэнд “ууцын дуу”, “бэхэлгээн дуу”, “ниргэлээ дуу” гэсэн төрөл зүйл залгамжлагджээ. Буриад нарын уртын дуу түүхийн явцад ихээхэн бүдгэрсэн ч залуу хойч үе нь ахмад настнуудаасаа идэвхитэй суралцаж байна. Барга, Буриад нарын уртын дуунд халхын Олхонууд, Боржигины аялга дуудлага, цохилготой төстэй үзэгдэл илэрдэг нь тэдний маш эртний түүхэн уялдаатай холбоотой. Монгол Улсын Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд Барга нар бөөндүү сууж байна. 1940-өөд оны дундуур нийгмийн шалтгаанаар өнөөгийн ӨМӨЗО-ны нутгаас ирсэн Баргууд хавар, намар, зуны улирлын бэлчээрээ ихэвчлэн Хэрлэн голын тохой, хөвөөгөөр төвлөн нутагласаар иржээ. Тэдний уртын дууны өв нь хачин ихээр бүдгэрчээ. Тиймээс ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Барга уртын дуунаас Монгол Улс дахь Хэрлэнгийн Барга дуу уртын дууны шинж тэмдэг нь илүү бүдгэрсэн байна. Нэг үгээр хэлбэл, умард Монголын Буриад, Тува нарын уртын дууны адил устах эрсдэлд шилжжээ. Уламжлан авч хөгжүүлж буй залуу үе байхгүй гэж хэлэхэд хилсдэхгүй.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу