МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БОРЖИГИН ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

БОРЖИГИН ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Найрын дарга томилон гаргасан сөнчин, аягачин нарт найрын эхлэл гурван дугараа барихыг даалгахад хоёр аягачин гэрийн баруун, зүүн дээд талаас доошлон хоёр талын хүмүүст хултай айргаа барьж, найрлагчид цөм гурван удаа ууцгаасны дараа найрын дарга эхлээд ерөөл хэлээгүй бол ерөөлчөөс ерөөл хүсч хадагтай айраг (хундагатай архи) барьдаг ажээ. Энэ үед хөгжимчид хуураа хөглөн “хөг нийлүүлж” ерөөл дуусахад найрын даргад хөгжмөө хөглөж бэлэн болсноо уламжилна. Халхын найр хурим дээр морин хуур, хуучир, лимбэ зэрэг хөгжмийн зэмсгээр тоглож, тэдгээрийн эгшиг аялгуунд уртын дуу гоцлон дуулж, бадгуудын хооронд найрлагчид нийтээрээ “түрлэг” түрдэг байжээ. Халх найр хуримд дуу дуулах ёс горим сөнд баримтлах уламжлалт дэг журамтай байлаа. Халхчуудын дунд найр наадмыг “Түмэн эх”-ээр ая барьж эхлэх ёс нэлээд нийтлэг дэлгэрчээ. Харин Боржигин халх бусад халхын хошуудаас “Боржигин найр”-ын дэг ёсоороо өвөрмөц алдартай байсан нь найрын эхлэх дуугаараа бас мэдэгдэж байна. Боржигин халхад найр, хурим “Авралын дээд”-ээр эхлэж байв. Ийнхүү халхчуудын найрын дэг горим, зан үйлд эхлэлийн дуу байдгийн адил найрын ид үеийн, найрын завсарлагын, найрын төгсгөлийн гэх мэт утга агуулгаар тогтоон дуулагдаж ирсэн дуутай байжээ. Найрын эхлэл, ер нь найрт нэг дууг эхлэвэл заавал бүтэн дуулж төгсгөдөг ёстой ажээ. Эхлэл дуу гүйцсэний сүүлд найрын олонд дахин айраг барина. Үүний дараа 2-3 дуу дуулж, тэдгээр дуу бүрийн завсарт” бага дугараа” хэмээн айраг сөгнөнө. Бага дугараа ууж, дуулцгаасны дараа “дагнаа” гэж их хулаар (туушаан) айраг барьж, бүгд ууцгаасны эцэст найрын дарга нийтэд гадаалах зөвшөөрөл олгож буйг зарлана. Гадаалж тамхи татаж, морь малаа хараад эргэж орохдоо найрлагчид дор бүрийн түрүүчийн суудалд суух ёстой. Тийнхүү суудлаа эзэлснийг найрын дарга хянан үзээд найр үргэлжлэх болсныг нийтэд анхааруулан дуучинд ая барих зөвшөөрөл өгнө. Дуучин ая барьсны хойно “бага туушааны дугараа” гэж хүн бүрт жижиг туушаанаар 3 удаа айраг барина. Халхчуудын найр хуриманд ийнхүү айраг сөгнөж, дугараа барих ёсонд “солбио дагнаа” барих ёс байв. Солбио дагнаа гэдэг нь зүүн талынханд даргаас эхлэн, баруун талынханд сөнчөөс эхлэн хултай айраг барихыг хэлдэг ажээ. Солбио дагнаа барьсан хойно дахин гадаалцгаан амарч байгаад Найраа үргэлжлүүдэг. Энэ үеэс тусгайлан дугараа зарлахгүй, дуу хуурын завсар айраг барих боловч найрын дэг журам, ёс горим хэвээр үргэлжлэнэ. Найр өндөрлөх цаг дөхөхөд гэрийн эзэн найрын даргад: За манай сөн чилж байгаа бололтой. Найраа өндөрлөе! Хэмээн хэлэхэд найрын дарга найрын төгсгөлд дуулдаг (“Энх мэнд”, “Хантарган баахан хар”, “Хөхөө шувуу”) уламжлалт дуугаар ая барьж, гэрийн эзэн ерөөлчөөр сөнгөө ерөөлгөөд дараа нь тухайн найр хийх болсон шалтгаант зүйлийг ерөөлгөх, мялаалгах заншилтай байжээ. Найр үргэлжилсээр харуй бүрий болохын сацуу найр ахалж буй хүн найрыг өндөрлүүлнэ. Эхний өдрийн найрыг ийн эрт өндөрлүүлэх нь “залуусыг эртхэн амраая, жинхэнэ эр эм бололцог” гэсэн санааг агуулдаг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу