МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БОРЖИГИН НАЙРЫН ЁС

БОРЖИГИН НАЙРЫН ЁС

Боржигон найрын дэг жаяг: Гэрийн баруун талд эрэгтэйчүүд, зүүн талд эмэгтэйчүүд насны эрэмбээр дараалан суух бөгөөд гэрийн эзэн нутаг усандаа нэр хүндтэй, тохитой томоотой, ёс заншлаа сайн мэддэг хүнийг сонгон хадаг айраг барьж, найр дарга­лахыг хүсэн гэрийн хойморт залж суулгадаг. Найрын дарга тухайн найр хуримын талаар болон найрын дэг журам, ёс жаягаа товчхон танилцуулаад хоёр талын сөнчийг томилно. Ийнхүү найрын даргын тогтоосон ёс жаягийн дагуу үргэлжилнэ. Боржигин найр “Авралын дээд”, “Түмний эх” энэ хоёр дууны аль нэгээр эхэлдэг. Эхний ая барьж дуусахад хуурч нь морин хуураа чихээр нь тоононы гол дааганаас тогтоон толгойг нь тооноор цухуйлган түр дүүжилнэ. Энэ нь найр эхлээд гурван дугараа өнгөрснийг хожимдож ирсэн гийчдэд мэдэгдэж байгаа нь тэр. Найранд сууж байгаа хүмүүс өөр хоорондоо элдэв зүйл ярих, энгэр заам задгай байлгах, өвдгөө буруу нугалан суух, малгайгүй байхыг хориглодог бөгөөд айргийн сөн унаж суух, сөнгийн халбага хоосон байлгах, найрын даргын зөвшөөрөлгүй сөнг шилжүүлэх буюу орхин явахыг хориглоно. Мөн сөнчид хултай айрагт хуруугаа дүрэх, цалгиулж асгахыг хориглоно. Энэ бүхнийг зөрчвөл их, бага хулын аль нэгээр торгуулийн айраг уулгана. Энэ мэтчилэн бор­жи­гин найр бол хүмүүжлийн асар их ач холбогдлоо өгдөг, дэг журам­тай явагддаг.  Боржигонууд найр хийх ууж идэхдээ хүртэл их ёсорхуу, боржигонууд тун дэгтэй найрладаг байжээ. Боржигонууд гэрийн найр хийхдээ хамгийн чухал хүн бол, найрын дарга, найрын дууч, хуурч гурав. Найр хийхийн тулд найрыг даргалах хүнээ урина. Найрын дууч хуурчаа урина. Найрын даргаар уригдсан хүн бүх найрчдын уух идэх, гарч орох, тамхи татах, хоорондоо ярих, бөөлжих, морь харахыг хүртэл бүгдийг зохицуулна. Найрын даргад торгох, чөлөө өгөх, найр эхлүүлэх өндөрлүүлэх бүрэн эрхийг эдлүүлнэ. Найрын дууч гэж ус нутаг, аймаг хошуундаа алдартай нэг л уртын дуучийг, хуурчтай нь хамт найранд дуулуулах гэж зална. Гурван өдөр найрлалаа гэхэд зөвхөн тэр дуучин дуулна. Тэгэхдээ дандаа гүр дуу буюу төр ёсны дуунуудыг голдуу боржигон аяаар дуулна. Найр хавтгайрлаа гэж дарга хэлээгүй байхад өөр хүнээр дуулуулахгүй. Богино дууг завхайдуу гэх ба боржигон найранд дуулуулахгүй. Найрчид найрын гэрт орж ирхээсээ эхлээд дээлийнхээ энгэр заамыг жимбийтэл товчлоод, малгайгаа өмсөөд орно. Найрчид бүгд нэг хөлөө бохирч сууна. Завилж суух, тамхи татах, ярих, инээх, бүгд хориотой бүгд торгуультай. Найрын дууч нэг уртын дуу дуулаад дуусахад бүгдээрээ түрнэ. Дуу дуулж байхад ямар ч хүн гэрт орж гарахгүй хуультай. Дуу дуусахад аяны дугараа гэж бүх хүнд том хул айраг ирнэ. Найранд цагаасаа хоцорч ирсэн зочид хэдэн дуу дуулсан байна дуу болгоны тоогоор “дугараа гүйцээн” айраг ууж найранд нийлнэ. Найр хийж байгаа айлд ах дүү нар нь ёс шиг хонины бүтэн ууц боов чанаж айлчлан ирнэ. Баянжаргалан сумын нэлээд бэлэрхүү найрласан боржигон найранд дээд тал нь 30-аад ууц ирлээ гэж ярьж байсан. Найранд чанаж ирсэн хонины махыг бүгдийг нь хуваагаад боов дээр мах тавиад найрчдад өвөртлүүлээд явуулна. Боржигон найрын бэлэг голдуу л халзан цагаан хонь өгнө. Бэлгийн хонийг дүүрч ирээд шинэ гэрт оруулж аманд нь өрөм зуулгаад хоттой хонинд нийлүүлж байгаа харагддаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу