МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАЯД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

БАЯД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Баядууд товь бүчлээ, тоорцог, дуулха бүрхүүл, бөөлгөс, тойруул, халибан, юүдэн, зээтгэр, оовууз буюу лоовууз гэх мэт олон төрлийн малгай эдлэж хэрэглэж иржээ. Эдгээрээс дуулха малгай нь нэлээд эртний гаралтай бөгөөд цэргийн дуулгатай төстэй шовгор оройтой, урагшаа бөгтөрдүү, урт чихтэй, шилдээ урт 2 улаан бүчтэй ажээ. Эрэгтэйчүүд нь 4 талтай /хойд урд чих нь богино/, эмэгтэйчүүд нь 6-8 тал бүхий тоорцог өмсөнө. Эмэгтэйчүүд алчуур зүүх нь ховор, харин эрэгтэйчүүд зуны цагт цагаан алчуур зангиддаг.

Баяд дээлний энгэр уужуу, хормой урт байх бөгөөд энэ нь хүний нас буянтай холбоотой хэмээн үзнэ. Баядууд  цагаан, хөх цэнхэр өнгийг эрхэмлэх бөгөөд хувцас өмсгөлөө “хүндийн хувцас” /гоёлын буюу ёслолын/, энгийн буюу өдөр тутмын/  хэмээн ялгана. Эрэгтэйчүүд зуны улиралд эргэсэн захтай, өргөн эмжээртэй, хар нударга бүхий “лавшиг” буюу тэрлэг, шалбуур өмд, морин хийлэн /энгэр суга битүү, тэрлэгний энгэртэйг өвөр хийлэн гэнэ/  өмсөнө. Сэрүүний улиралд хурган дээл, нэхий дээл, азарган нэхий өмсөхөөс гадна сэрхийн арьсаар хийсэн дах, ахрын хэвнэг /ахрын эсгийгээр хийсэн зах ханцуйгүй, богино/ зэргийг өмсдөг.

Баяд эхнэрийн дээлний нударганы омог тавиу, ханцуй өргөн, хормойн эмжээр 4 хуруу өргөн, элбэгдүү байдаг. Тэрлэгний гадуур урд тал нь задгай, ардаа оноотой “цэгдэг” өмсөнө. Цэгдэгний урд энгэр нь ар талаасаа илүү өргөн байдаг бөгөөд долоон өнгийн солонгон тасам, утсан сүлжээ, усны долгио дүрслэн гоёсон байдаг. Цэгдэгэнд Алтайн мөнх цаст оргил, эхийн цагаан сүү зэргийг бэлгэдсэн хэмээгддэг, тойруулан улаан ногоон утсаар 4 шаглаж оёсон цагаан зах хийдэг бөгөөд захны хуниасыг  8-12 гэсэн тэгш тоотой хийдэг нь мөн л давхар бэлгэдлийн утга агуулдаг байна. Мөн цэгдэгний бэлд 5 саваагүй /шүдний чигчлүүр, хумсны малтуур, чихний хулхивч, түлхүүр/, өөх тосны хөх, нүүрний цагаан, хөлсний цайвар 3 өнгийн 6 алчуур зүүдэг.

Хүүхдийн хувцасны бэлгэдэл, ёс заншлын хувьд бусад ястантай төстэй. Энхрий эрэгтэй хүүхдэд авгай дээл, эмэгтэй хүүхдэд буруу энгэртэй дээл хийгээд:

Тоосонд бүү хүр

Тосонд хүр

Хуранд бүү хүр

Хуриманд хүр

хэмээн ерөөгөөд урд, хойд хормойноос нь 3,3 дугтран өмсгөдөг. Мөн хөвгүүдэд ямааны, охидод хонины халцгай нэхийгээр хийж захыг нь хурга, зурамны арьс, даавуу даалимбаар эмжсэн, урт богино “заргаг” хэмээх дээлийг борооны үед өмсүүлдэг. Баяд гутал ширмэл эсгий ултай байдгаараа онцлог. Улыг тэмээний ноосоор ширж, хажуу ирмэгийг төмөр хайруулаар хайрч өөг нь аваад, ирмэгээр нь бөс даавуу барьж оёдог. Нимгэн эсгийгээр оймс хийж түрийтэй нь давхар оёдог. Мөн хар модны холтос буюу “зодог”-ны дотор талын цагааныг хусч буцалгаад бозтой холин арьс ширээ идээлэн “баяд улаан гос” хийдэг ажээ. Энэхүү гутлыг 3 давхар үхрийн ширээр улладаг тул гадна талаас нь ул зулгыг нэвт оёдог байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу