МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ УЛАМЖЛАЛТ АРГА МЭДЛЭГ, ЗАН ҮЙЛ

БАЙГАЛЬ ХАМГААЛАХ УЛАМЖЛАЛТ АРГА МЭДЛЭГ, ЗАН ҮЙЛ

Монголчуудын мал сүрэг бол бэлчээрийнх болохоор байн байн нутаг сэлгэж нүүж байх шаардлагатай. Бэлчээрийн өвс ургамал сайн байвал мал сүрэг нь сайн байна гэсэн үг. Иймд, малынхаа бэлчээрийг хайрлаж хамгаалахыг нэн эрт цагаас хууль дүрэмд ч тусгаж ирсэн байдаг. Монголчуудын тухайд малын бэлчээрээ хайрлана гэдэг нь газраа хайрлана, хамгаална гэсэн үг юм. Малчин Монголчуудын суудаг орон сууц болох гэр нь газрын хөрсөнд ямар ч гэм суулгадаггүй онцлогтой. Монголчууд нүүхдээ гэрийн буурь, ойр орчмын хог хаягдлаа юу ч үлдээлгүй цэвэрлэдэг тогтсон заншилтай. Газарт шаасан гадсыг сугалан авахдаа нүхийг нь заавал шороогоор булдаг. Ер нь газар ухахыг тун цээрлэдэг. Энэ нь хөрс шороогоо хайрлаж байгаа төдийгүй газрын эзнийг хилэгнүүлж уурлуулахгүй байхыг хичээж байгаа шүтлэг бишрэлийн зан үйлтэй холбоотой. Монголчуудын эртний шүтлэг бөө мөргөлийн ёсонд “эцэг тэнгэр, эх дэлхий” хэмээн сүсэглэж ирсэн уламжлалтай. Энэхүү шүтлэг бишрэлтэй холбогдоод хамгийн үзэсгэлэнтэй, сүрлэг сайхан уул нуруугаа онцгойлон үзэж онголон дархлаад, оройд нь овоо босгон, тогтоосон цаг хугацаанд нь тэрхүү уул усаа тахидаг зан үйл одоо ч үргэлжилж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад төрийн тахилгатай 8 уул байна. Ингэж тахиж тайдаг газар нутгийн өвс ургамал, хөрс шороо, хад чулуу, ан амьтанд ер гар хүрдэггүй. Хэрэв энэ ёсыг зөрчвөл газар усны эзэн(савдаг, лус) уурлан хилэгнэж, байгалийн гэнэтийн аюул болж хүн малд гай болно гэж үздэг юм. Монгол оронд XVI зууны үеэс хүчтэй дэлгэрсэн Бурханы шашны энэрэн нигүүлсэхүй номлол сургаал ч байгаль дэлхийгээ хайрлаж, хамгаалж ирсэн дээдсийн уламжлалд яв цав нийцэж, улам илүү түлхэц өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, байгаль дэлхийгээ хайрлаж, аргадан тахих тухайд, уламжлалт бөө мөргөлтэй зөрчилгүй байсан тул тун амархан зан үйл нь нэгдэж нийлсэн. Монголчууд “уусан ус рашаан, унасан шороо алт” гэж хэлдэг. Энэ нь хүн, малынхаа ууж ундалсан усыг рашаан гэж, төрсөн нутгийн хөрс шороог алт хэмээн дээдэлж байдгийг илтгэн хэллэг юм. Монголчуудын эртний шашин шүтлэгийн ёсонд ус, газар бүгд эзэнтэй гэж үздэг байсан. Хэрэв гол мөрөн, булаг шанд, рашаан, нуур, цөөрмийн усыг бузартуулбал усны эзэн (Лус) хилэгнэж муу юм болно гэж ихэд айн болгоомжилно. Монголчуудын олон зуун жилийн амьдралд энэ нь байнгын дадал заншил болсон тул усаа хамгаалах нэгэн сайн арга болсон юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу