МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АРДЫН УЛАМЖЛАЛТ МАЛЫН ЭМГЭГ АНАГААХ АРГА УХААН

АРДЫН УЛАМЖЛАЛТ МАЛЫН ЭМГЭГ АНАГААХ АРГА УХААН

Мал аж ахуй эрхэлсэн олон зуун жилийн туршлага, түүнийг амаар голдуу хойч үедээ уламжлуулах явцад энэ мэдлэг хуримтлагджээ. Дорнын эртний “Нэй -жин” хэмээх сударт “Умардын орон сэрүүн хүйтэн учраас хүйтэн өвчин элбэг, хүйтэн өвчнийг тэд төөнөн засна. Халуун өвчнийг ханаж засахдаа гарамгай” гэж дурдсанаас үзэхэд Хүннү гүрний үед төөнөх, ханах хоёр аргыг өргөн хэрэглэдэг байсныг харуулдаг. Уламжлалт мал эмнэлгийн эртний бөгөөд мэргэжлийн хүн төдийлөн үл шаардах нэлээд энгийн мэдлэгийг ардын мал эмнэлэг гэдэг. Малын элдэв халдваргүй өвчнийг ардууд утах, шавших, хөлөргөх, жигнэх, бэгнэх, барих, төөнөх, цоргих, хатгах, ханах, доргиох, илэх, сойх гэх мэт янз бүрийн аргаар эмчилж ирсэн. Таван хошуу малыг тохиромжтой цаг улиралд нас хүйсийг нь зөв тогтоож, хөнгөлөх ажлыг чадамгай хийж байв. Эргүү өвчнийг мэс заслын аргаар, тухайлбал, төмөр төөнүүр, хануурын хутга, өрөлбө, хямсаа хэрэглэн малын толгой ясанд хагалгаа хийж, уулинхайг авч хаядаг. Гүентсэн адууны уруулын дотор талд бий болдог мөгөөрсийг огтлох, гуйвангатсан адууны цагаан мөгөөрсийг цоолж идээ бээрийг нь гаргаж эмчилдэг байв. Ардын мал эмнэлэг нь ардын эмнэлгийн адил засал үйлдлийг урьдал болгодог. Тэдгээр засал нь мөн л ханах хатгах, төөнөх, зүү тавих, барих, домнох гэсэн үндсэн таван арга бүхий болой. Эдгээр аргаар эдүгээ малын 40 гаруй цэгт ханах, мэдрэлийн 10 гаруй сүлжээнд хатгах засал хийж, 90 гаруй цэгт зүү тавьж, малын 100 гаруй өвчнийг анагааж буй ажээ. Бариа домыг ясны хугарал, бэртэлтэд ихэвчлэн хэрэглэдэг. Дом бол эмнэлгийн анхны тусламжинд тустай ардын аргын нэг мөн. Малын дом заслыг цагаан дом гэдэг бөгөөд энэ засалд мөн л шашин, зан заншилд холбогдолтой зүйл элбэг бий. Эмийн эмчилгээнд голдуу ургамал, амьтан, эрдсийн түүхий эдийг тэр чигээр нь дангаар хэрэглэдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу