МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АН АМЬТАН, ЖИГҮҮРТЭН ШИНЖИХ МЭДЛЭГ

АН АМЬТАН, ЖИГҮҮРТЭН ШИНЖИХ МЭДЛЭГ

Монголчууд дөрвөн цагийн эргэлтэд байгал дэлхийгээн шүтэж, тэнгэрийн байр, газрын өнгийг  ан амьтан, жигүүртэн шувууны ааш аягаас тайлан уншдаг, тааж мэддэг эрдэм ухааныг цогцлоосон нь өвгөдийн ухаанд уламжлагдсан төдийгүй  ном сударт тэмдэглэгдсэн байдаг. Монгол ардын үлгэр домогт ан амьтан, жигүүртэн шувууны хэл мэддэг эрдэм чадалтай баатрууд гардаг нь төсөөлөл, уран сэтгэмж төдий хэрэг биш юмаа.

Ан амьтдын дуугарах, хэвтэх, зогсох, аашлах аяглах, тарга тэвээрэг, үүр ноохойгоо зассан байдал зэргээс тухайн өдөр ямар болохыг төдийгүй тухайн жил ямар болохыг ч тайлж мэддэг байна. Тухайлбал: Буга орой урамдвал өнөтэй өвөл болно. Бор гөрөөс эхний цаснаар модны зах, хамар хяраар хэвтрээ засвал өнтэй, бөөрний өөх нь их байвал цастай өвөл болно. Хулгана, оготно хөеөгөө их цуглуулбал зудтай, бага цуглуулбал өнөтэй болно. Бүрхэг байхад тарвага хошгирвол удахгүй цэлмэнэ. Нүхээ тойруулан чулуу овоолбол үер болно гэх мэтчилэн шинждэг байна.

Жигүүртэн шувууны дуу, сүрэглэх байдал, нисэх өндөр нам зэргээс тухайн цаг  улирлын байдлыг шинжиж мэдэж болдог. Тусгайлан “Шаазгайн хэлний судар”, “Шувууны сан” гэх мэт ном судар ч бий. Хараацай өндөрт нисч байвал цэлмэг тогтуун, доогуур нисвэл бороо орно. Турлиах бөөнөөр нисч ихээр шуугилдвал шуурга шуурна. Болжмор олноороо бөөгнөрөн, дахин дахин нисч бууж, биеэ ойр ойрхон сэгсэрч байвал хүйтрэнэ. Ногтруу нутаг тэлж намаржвал өвөл өнөтэй болно. Ятуу хүйтэн болохоор уул барааддаг гэх мэт. Хэрээг ан гөрөөнд сургадаггүй боловч монгол анчид хэрээг ан гөрөөний туршуул, хэлмэрч хэмээн үзэж хэрээний хэлийг гаргууд сайн мэддэг. Мөн монгол бөө мөргөлд хэрээ, шаазгайг  “онгодын хэлмэрч”, “онгодын туршуул” хэмээн үздэг. Иймээс хэрхэн дуугарч байгаагаар, аль зүгт дуугарснаар, ирж буй зүгээр нь, хэдэн цагт дуугарснаар нь гэх мэтээр нарийн шинжиж, болсон хийгээд болох үйлийг тааж мэддэг байна. Тухайлбал: Хрээ хон хон хэмээн дуугарвал сайн үг дуулдана. Урд зүгээс ирээд дуугарвал их салхи болно. Могой цагт дуугарвал олон хүн ирнэ. Шаазгай баруун урд зүгээс ирж дуугарвал их бороо орж, салхи гарч, шуурна. Могой цагт зүүн хойд зүгээс ирж дуугарвал цас бороо орно гэх мэт.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу