МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АН АВ ХИЙХ АРГА УХААН, ЗАН ҮЙЛ

АН АВ ХИЙХ АРГА УХААН, ЗАН ҮЙЛ

Монголчууд говь тал, уул хээр хосолсон  ан амьтнаар баялаг нутаг усандаа эрт дээр үеэс гөрөөчилж, шуувуучилж, загасчилсаар иржээ. Аймаг отгоороо ан агнуурыг голчлон эрхэлдэг “ойн иргэд”-ийн үр хойчис эдүгээ ч бидний дунд оршин байгаагийн хувьд ан ав хийх арга ухаан, зан үйл уламжлагдсан байна. “Монголын нууц товчоо”-нд: “…Нэгэн өдөр Тэмүжин, Хасар, Бэгтэр, Бэлгүтэй дөрвүүл хамт сууж загас гөхдөхөд нэг гэгээн согос загас гөхид торжээ.” /МНТ, 76 зүйл/ хэмээн гардагаас үзвэл хэдийгээр далай тэнгис үгүй боловч бидний өвөг дээдэс эрт үеэс загас агнуур эрхэлж байсан нь харагдана. Монголчуудын загас агнах өвөрмөц аргууд эдүгээ ч уламжлагджээ. Тухайлбал: дэгээ, сэрээ, бургасан тор сүлжиж барих зэргээс гадна хавар загас түрсээ шахаад эргэх үед жижиг голыг бургасан хашлагаар хааж “ходоод” хийх, “суйлах” зэрэг өвөрмөц аргууд байна.

Монголчууд сүргээрээ амьдардаг болон хүч чадалтай том амьтдыг олноороо хомроглон, булга, хэрэм, туулай, тарвага зэрэг жижиг амьтдыг ганц нэгээрээ гөрөөлөн агнадаг.

Ан авын газар буюу ангийн отогтоо бүгд цуглан ан гөрөөний тэнгэр Цагаан өвгөн /дэлхийн эзэн Цагаан буурал аав/, хангай дэлхийн эздээс хишиг хайрлахыг гуйх, ангийн сүлд дуудах, тахилга хийж, идээний дээж өргөн:

…Орон хангай минь

Огторгуй хурмаст тэнгэр минь

Баян хангай минь

Ороход олзыг минь дэлгэрүүлэн өршөө

Гарахад ганзагыг минь дэлгэрүүлэн өршөө

г.м-ээр  “Ганзагын сан” тавьдаг. Мөн Ойрадад тухайлбал Урианхай анчид анд гарахын өмнө туульч залан “Алтайн магтаал” хайлуулах, туульчийг дагуулан анд явах зэрэг заншил байдаг нь “Алтайн магтаал”-ын домгоос үүдэлтэй  юм. Буриадад бөөгөөр төлөг үзүүлэх, бөө хүн ангийн ахлагч болох нь бий. Анд гарахын өмнө олз хийморио нэмэгдүүлэхийн тулд давс шатаах, арц гангаар сан тавих, цацал мялаалгын үг хэлэх, буугаа ариулах зэрэг ёс хийдэг.

Анчид ан ав хийх цаг хугацааг маш нарийн мэддэг учраас ямар анг хэдий хугацаанд хэрхэн агнах, ангийн хөдөлгөөн, байршил, ан амьтдын зан араншинг ч тодорхой мэддэг. Анчдын ахлагч /гол төлөв хамгийн туршлагатай ахмад хүн/ газарч, анчин, үргээгч нарыг томилж, ангаа хаана отох, үргээх, ямар суудалд хэнийг суулгах зэргээ хувиарлах бөгөөд анчид хоорондоо толгой, гар, малгай, ханцуй зэргээр дохио өгдөг. Анчид ан амьтдыг нүхэнд унагаж агнах, занга, сааль, урхи, хавх тавих, буудах, бүргэд, харцага,  нохойгоор бариулах, мориор хөөж ташуураар цохих, цаламдах, уургалах, дүүгүүрдэх зэргээр агнахаас гадна бүр  байлдааны арга тактик болтлоо хөгжсөн “нуман тулгуур”, “буха сэжүүр”, “зээгт ав”-ын аргыг ч хэрэглэдэг байна.

Анд мордохын өмнө олз омогтой явахад саад тотгоргүй байхыг бэлгэдэн тухайлбал дархадад анч нохойн болон анчны “унтуу тавиулах”  ёс үйлддэг. Унтуу тавиулахад хоёр галын дундуур гаргаад нохойг бол сүүлний үзүүрийн үсийг хуйхлан хошууг нь өргөстэй модоор шавхуурдах, анчны ар хормойг өргөстэй харганаар шавхуурдан “унтуу тавь” хэмээн хэлдэг. Буу гаарахад босгон дор буугаа тавьж, эмэгтэй хүн алхуулах, бургасаар шавхуурдан “хааны цааз дуудах” зэрэг ёс хийдэг.

Ав хомрогийн дараа хишгээ хайрласан хангай дэлхийдээ:

…Хайрласан дээрээ

Хайрлаж байх болтугай

…Ой их сугандаа хавчиж

Уужим их хормойдоо хучиж хайрла гэх мэтээр ерөөл бэлгийн үг хэлдэг. Мөн анхны ангаа агнасан хөвгүүний эрхий хурууг өөх тосоор мялаадаг байна. Ахлагч өвчүүний бүдэрхий, богино хавиргыг галд өргөж, тухайн анг агнасан хүнд зүлдийг /толгой, эрүү, хэл, багалзуур, уушиг, зүрх/, буудсан талын гуя хааг өгч бусдыг нь анчдад хувааж өгдөг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу