МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АНЧИНЫ МЭДЛЭГ УХААН, БЭЛГЭДЭЛ ЦЭЭРЛЭЛ

АНЧИНЫ МЭДЛЭГ УХААН, БЭЛГЭДЭЛ ЦЭЭРЛЭЛ

Монголчууд эртнээс нааш ан ав хийх гөрөөлөх нь эр хүний авхаалж самбаа нэмэгдүүлэх, эр зоригийг хурцлах, тэрчлэн цэрэг дайны байнгын сургууль хэмээн үздэг байсан боловч зөвхөн авах алахын тухайд энэ үйлийг эрхэлж байсангүй. Тиймээс ч ан агнах, гөрөөлөх нь тухайн анг агнах цаг улирал, өсөх үржих үе, үс ноос гүйцэх цаг, тарга хүч авах улиралд зохицуулан, тэнгэр хангайн хишиг хэмээн үзэж, олон олон бэлгэдэл, цээрлэх ёсыг агуулдаг соёлын өвийн нэгэн төрөл зүйл юм. Өглөө эрт, үүрээр анд гарахыг эрхэмлэх бөгөөд гэрээс гарахдаа нар зөв эргэж мордох, гарахад морь шилгээх, эвшээхийг олз омогтой байна хэмээн бэлгэшээдэг. Олноороо буюу ав хомрогонд мордохдоо анд явахаар товлосон өдрийг хэлдэггүй адууны хомоол өгч гаригийн нэрээр нэрлэх, явах хугацааг битүү утгаар ярих, анд явах үедээ хэрэлдэх маргах, бэлгэгүй муу үг хэлэхийг тэвчдэг.  Тухайн ан өөрийг нь хэлж байгааг мэдэхээс цээрлэн баавгайг “майга бор”, чоныг “хээрийн өвгөн”, “саарал эзэн”, гахайг “түгдгэр”, үнэгийг “малгай”, бугыг “тураг”, хандгайг “хавтгай эвэрт” гэх мэтээр эерүүлэн нэрлэдэг байна. Зорьсон ангаас өөр амьтан тааралдах, содон зүс, тэмдэгтэй амьтан таарахыг цээрлэдэг. Тухайлбал чоно таарвал сайн, үнэг таараад алж чадахгүй бол муу гэх мэт. Хээлтэй, хөхүүл, нялх зулзаган амьтан, ховордсон ан болон шинээр нутагшиж байгаа амьтныг агнахыг цээрлэдэг. Буга, баавгай, хандгайг агнавал маш хүндтэйд тооцохоос гадна эдгээр антай холбоотой нарийн ёс, бэлгэдэл, цээрлэл байдаг.  Буга үхэхдээ эрүүгээ газар тавиад, эврээ өргөж үхдэг бөгөөд  эврээ газар хүргэж үхвэл анчинд муу хэмээн эрс цээрлэдэг. Бугын толгойг цагаан даавуу дэвсэж, газар хүргэлгүй авдаг, нэг хүн урдаа дүүрч буцдаг, гэрийн зүүн талд /эзэгтэйн тал/ тавьбал эмэгтэйчүүдэд хүндэддэг гэх мэт цээр байхаас гадна ер нь аргагүй шалтгаангүй л бол буга агнахыг цээрлэдэг нь “Бөртө чоно, Гоо марал”-ын домог, шүтлэгтэй холбоотой юм.

Баавгай агнаад, баруун урд хөлний сарвуугаар нь толгойг нь илж “Тайгын эзэн минь. Та өвсөндөө тээгэлдэж унав” гэх буюу “Алах гэж алсангүй ээ. Сум тэнэж онолоо” гэх мэтээр эерүүлэн хэлж, өршөөл эрдэг. Баавгайн нүдийг бохирдуулахыг цээрлэн өвсөөр ороож, ургаа модон дээр тавьж, зүг буруулан явдаг гэх мэт  цээр ёс байдаг байна.  Ангийн “зүлд авах ёс”-ыг эрхэмлэдэг бөгөөд зүлдийг бусад хүнд өгөх, дамжуулах, ангаас буцаж явах замд тааралдсан хүнд шор мах огтолж өгөх, ангийн махыг түүхийгээр нь хүнд өгөхийг  “ангийн олз харина” хэмээн цээрлэдэг. Ангийн махнаас эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн хүртэх хувь хишиг тусдаа байх бөгөөд хөл хүнд эмэгтэй амсахыг цээрлэдэг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу