МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АЛИНГАР НУМ СУМ УРЛАЛ

АЛИНГАР НУМ СУМ УРЛАЛ

Нумын гурван бие буюу гол бүтцэд эвэр, хулс, бодын шөрмөс ордог. Дэлхийн олон орны нум сумтай харьцуулбаас манай нум шөрмөстэйгээрээ ялгардаг. Тийм ч учраас эвэр элэгтэй, шөрмөсөн артай нум гэж хэлдэг. Нум сум харвахаас өмнө нумаа “эвшээлгэдэг” нь учиртай. Эвшээлгэнэ гэдэг нь нумынхаа хатуу, зөөлнийг нь тохируулж чангаахыг хэлж байгаа аж. Энэхүү үйл нь шөрмөсний физик чанар алдагдахаас сэргийлж байгаа гэсэн үг. Нум сум урлахад ордог ихэнх түүхий эдийг дотоодоосоо базаадаг. Харин хулсыг Хятадаас авдаг байна. Нэг нуманд 12-13 төрлийн материал ордог бөгөөд чимхлүүр ажил ихтэй. Түүхий эдээ бэлдэж нум сум хийхэд 4-6 сарын хугацаа зарцуулах нь ч бий. Нааж, зүйх гээд нарийн ажиллагаатай учраас тэр. Хулс, эвэр хоёрыг наагаад хатсаны дараа шөрмөсийг нь тавьдаг. Наалт наанадаж дөрвөөс зургаан сарын дотор хатдаг. Ер нь бол бүтэн нэг жил болж байж гүйцэд хатах үйл явц явагддаг. Нумыг удаан хатаах тусмаа хамгийн сайн бат бэх болдог. Нэг нум бэлдэхэд нэг кг орчим шөрмөс, янгирын хос эвэр, тас шувууны өд ордог аж. Сумаа улиас, хус, бургасаар гэхчлэн олон төрлийн модоор хийж болох ч голдуу улиасаар урладаг. Эвэр, шөрмөсийг наахдаа малын арьс, турууны найрлагатай цавуу ашигладаг байна.  Түүнчлэн нум сумны үйлдвэрлэлд хүний оролцоо их. Шөрмөс урах ажлыг л гэхэд нэгээс хоёр хүн хийнэ. Эврээ хөрөөдөх, халаах, тэгшлэх ажлыг мөн хоёр хүн гүйцэтгэнэ. Дамжлага, чимхлүүр ажил ихтэй энэхүү үйлээр хийсэн нум сум бүр бэлэн бүтээгдэхүүн болдоггүй. Эвэр хэт элэгдэж, гэмтсэн, эсхүл буруу хөрөөдсөн бол дахиж хийхээс аргагүйд хүрдэг аж. Жишээ нь, бодын шөрмөсийг урахад нэлээд эв дүй шаардана. Эвгүй татвал тасардаг тул эвийг нь олж урт уртаар нь таслах хэрэгтэй.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу