МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

АДУУНЫ СОЁЛТОЙ ХОЛБОГДОХ НАЙР НААДАМ, ЗАН ҮЙЛ

АДУУНЫ СОЁЛТОЙ ХОЛБОГДОХ НАЙР НААДАМ, ЗАН ҮЙЛ

Зуны эхэн сард малчин айл соргог сайхан бэлчээр, ус ургамал тэгширсэн газарт буудаллаад тухайн сарын өлзий тэгш бар өдрийг сонгож гүүгээ барьдаг нь эртний уламжлал юм. Гүү барих бар өдөр хавь ойрын айл саахалтын хүмүүсийг урина. Өглөө эрт зэлээ татаад тухайн жилийн хавар хамгийн түрүүнд төрсөн ууган унагаа эхэлж барьдаг. Олон унаганы манлай гэдэг утгаар нь хүндэлж, түүний хүзүүнд хадаг уясны дараа гүүгээ барьж амлуулдаг ёстой. Эхлээд гүүг эрэгтэй хүн сааж, анхны саамыг уурганд дүүжлэн хоёр морьтой хүн дамжлан гүүн зэлийг нар зөв гурван удаа тойрох бөгөөд энэ ёсыг үйлдэхдээ есөн нүдэт цацлын халбагаар дөрвөн зүг найман зовхисын тэнгэр бурхан, уул хангайд цацал өргөж, “цөөн цөд” (Уг нь “цэгээнд цад” гэсэн үг байгаад сунжирсаар цөөн цөд болсон гэж үздэг) хэмээн уянгалан дуулна. Цацал өргөхдөө цагаан, халиун зүсмийн морьтой есөн хүн дагалдан явдаг нь адууны тэнгэр Далх бурхан ийм хүлэгтэй гэдгээс үүдэлтэй ажээ. Ингэж цацал өргөсний дараа зэлний хоймор талд арц уугиулж, хүж асаагаад зэлний ойрхон ширдэг дээр ширээ засаж тавина. Идээ цагаанаас тухайн айлын бүсгүйчүүд ирсэн хүн бүрт дээжлэн барьж, ерөөлч ерөөл хэлсний дараа урьдчилан чанаж зэхсэн хонины шүүс махаар хувь хүртээнэ. Гүүний сан тавьж ёслол үйлдсэнээс хойш намрын сүүлч хүртэл унагаа уяж, гүүгээ өдөрт 6-8 удаа саадаг бөгөөд гүүгээ тавихдаа нохой өдрийг сонгодог. Эхээс төрж, эдэлгээнд сургах эзэн хүнтэй болсны баталгаа болгож, унагыг тамгалдаг. Тэгээд ”тамга тасам болог” гэж ерөөх нь хат гүйцсэн болд тамга тасартал адуун сүрэг өснө гэсэн учир бэлгэдлийн үг ажээ. Адууны тамга нь олон янз байдаг бөгөөд саран тамга гэхэд дан, давхар, хөвчтэй, нартай, саран дэвсгэртэй, чандмань гээд арваад төрөл байдаг. Намрын адаг сарын бар, нохой өдрийг товлож унагаа тамгалдаг. Унага тамгалах өдрийн найр нь намрын отгон баяр болдог учиртай. Энэ үед адуун сүргээ холхон бэлчээж байгаад хүн бүр нэг унага зүсэлж тавьж уралдуулдаг. Тухайн хүн хийморь лундаагаа үзэж байгаа хэрэг ажээ. Халхчууд намартаа “унага тамганы найр”, “тавилганы найр” гэж хоёр найр хийнэ. Энэ өдөр нь бар өдөр байдаг. Ийм учраас зарим газар “унага барлах” гэж хэлэлцдэг. Тогтсон өдөр өглөө эрт адуугаа хураан гүүгээ сааж эхэлнэ. Үдийн хэрд гүүн зэлнийхээ гадсан дээр идээ будаа хүргэн, сан тавина. Тэгээд зэлний дэргэд аргалын галд тамгаа улайсган ууган унаганаасаа эхлэж тамгална. Унага тамгалж дууссаны дараа тамгаа галд халааж гэрт буй сөнтэй айрганд эсвэл зэлний дэргэдэх айрганд дүрнэ. Тамгыг заавал айрганд сойх бөгөөд гүү бариагүй бол гүү барьсан айлын зэлэн дээр адуугаа хурааж унагаа тамгална. Тамгаа айрганд сойсны дараа тамгаа сүүнд дүрж “тамганы хишиг” хэмээн хүн бүрийн гар алган дээр дусааж, амсуулж ёсолно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу